БНАСАУ-ын цөмийн шинэ туршилтыг НҮБ-д хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 13

Хойд Солонгосын ЦТАК мэдээллийн агентлаг мягмар гаригт гурав дахь удаагийн ээлжит цөмийн туршилт хийснээ албан ёсоор зарласан билээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын хийсэн цөмийн шинэ туршилтыг эрс шийдэмгий авч хэлэлцсэн байна. Шуурхай хуралдаанд оролцогчид хойд солонгосын Пхунгери цэргийн сургуулилтын талбайд хийгдсэн газар доорх цөмийн дэлбэрэлтийг Аюулгүйн зөвлөлийн санамжийг ноцтой зөрчин, олон улсын аюулгүй байдалд хор уршиг үзүүлж байна хэмээн дүгнэжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг Өмнөд Солонгосын хүсэлтээр хуралдуулсан байна. Солонгосын Гадаад хэргийн сайд Ким Сон Хван Аюулгүйн зөвлөл энэ оны нэгдүгээр сард БНАСАУ-ын арванхоёрдугаар сарын пуужин хөөргөлттэй уялдуулан хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүлэн, ахин цөмийн шинэ туршилт хийвэл “эрс шийдэмгий арга хэмжээ” авах тухайгаа урьдчилан анхааруулж байсныг сануулсан аж.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Хойд Солонгосын цөмийн шинэ туршилтын эсрэг үзүүлэх хариу арга хэмжээнүүдийг багтаасан шинэ хориг, санамжийг бэлдэж эхэлсэн байна. Пхеньянд чиглэсэн хориг арга хэмжээг улам чангатгахыг НҮБ-ын дэргэдэх америкийн суурин төлөөлөгч Сюзан Райс санаачлан, Аюулгүйн зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Хойд Солонгосын баруун хойд зүгт болсон газар доорх цөмийн дэлбэрэлтийн хүч 6-7 килотонн байсан аж. 12 сард пуужингийн туршилт хийсний дараа Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Пхеньяныг үнэн хэрэгтээ цөмийн цэнэгт хошуу зөөх чадвар бүхий алсын тусгалт пуужин туршлаа хэмээн болгоомжилж байсан билээ. Иймээс Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ыг пуужинт-сансрын болон цөмийн салбарт боловсруулалт хийхийг хоригложээ. Гэвч Хойд Солонгосын зүгээс огтхон ч бууж өгөхийг хүсэхгүй, харин ч эсэргүүцлийн үйлдлүүдээ идэвхжүүлсээр байна.

Хойд Солонгосын атомын бөмбөг дэлбэрсэн Пхунгери туршилтын талбай нь оросын хилээс 200 км зайтай байгаа нь ОХУ-ын зүгээс шүүмжлэлтэй хандахад хүргэжээ. Өөрийн цөмийн хөтөлбөрийн талаар Пхеньян асар нууцалж байгаа ба түүний хөгжил нь БНАСАУ-ын дайснуудын эсрэг, ялангуяа АНУ-ын эсрэг чиглэх болно гэдгийг харин далдлахгүй илэрхийлж байгаа аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top