Валентины өдрийн сонгодог билэг тэмдэг бол улаан сарнай билээ. Эртний домогт өгүүлснээр, грекийн хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр Афродита өөрийн хайрт Адонистай уулзахаар яаран гүйж явахдаа цагаан сарнайн бутан дээр гишгэн, түүний хөлөөс гарсан бурханлаг цус сарнайг улаан өнгөөр будсан гэжээ.
Хоёрдугаар сарын 14-ний өнөөдрийн энэхүү өдөр шуудан, харилцаа холбооны ажилтнуудын ажлын бүтээмж асар дээшлэн, цэцэг, бэлэг дурсгалын зүйлсийн наймаачдын ашиг орлого эрс өсдөг өдөр. АНУ-д гэхэд өнгөрөх жилийн энэ өдөр нэг минутад 24 мянган сарнай худалдаалагдаж байжээ. Мөн энэ өдөр интернет илгээмжийн тооцооны дүн хэдэн саяд хүрдэг аж. Энэ мэтээс харахад Гэгээн Валентины баяраас өөр ийм өргөн хүрээнд ач холбогдол өгдөг баяр зарим оронд байдаггүй мэт.
Эртнээс уламжлагдан ирсэн Гэгээн Валентины өдрийн ёс заншил орон бүрд харилцан адилгүй хэдий ч энэ өдөр хаа сайгүй хурим найр, сүй тавих ёслол болдог аж. Энэ өдөр хайртай хосууд бие биедээ бэлэг сэлт өгч, валентины ил захидал илгээдэг. Ихэнх тохиолдолд нэр, буцах хаяггүй байдаг нь сюрприз, оньсого болдог юм байна.
Зарим оронд энэ өдөр нөхөргүй бүсгүйчүүдэд сэтгэлтэй залуус нь хувцас бэлэглэх ба хэрэв бүсгүй уг бэлгийг хүлээн авбал тухайн эртэй гэр бүл болохыг зөвшөөрч байна хэмээн үздэг аж. Мөн хоёрдугаар сарын 14-ний өдөр хамгийн түрүүнд бүсгүйтэй таарсан эр түүний хүслээс үл хамааран, Валентин нь болох ёстой гэсэн мухар сүсэг байдаг юм байна.
Одоог хүртэл Европт Гэгээн Валентины өдрийн баяр ёслолын ажиллагааны салшгүй нэг хэсэг нь мэргэ төлөг хэвээр байгаа аж. Чухам энэ л өдөр шувууд хосоо олон, хүмүүс мөн ийм зүйлд яаравчлах хэрэгтэй гэж тооцдог. Иймээс хэдэн зууны туршид бүсгүйчүүд цаасан дээр нэрээ бичин хайрцаганд хийж, дараа нь залуус тэндээс сугалах замаар жилийн турш найзлах хосоо сонгон олдог аж.
Японд энэ өдөр амттан бэлэглэдэг уламжлалтай. Энэ нь шоколад үйлдвэрлэдэг нэгэн том фирмээс үүдэлтэй аж. Тэнд 30-аад оны үеэс Гэгээн Валентины өдрийг тэмдэглэж эхэлсэн ба одоог хүртэл шоколад хамгийн түгээмэл бэлэг хэвээр байна. Дашрамд дурдахад, энэ өдөр японд "эрчүүдийн мартын 8-ныг” санагдуулдаг ба тэд хүүхнүүдээс илүү их бэлэг хүлээж авдаг юм байна.
Гал халуун францчууд энэ өдөр үнэт эдлэл бэлэглэх дуртай бол романтик даничууд бие биедээ хатаасан цагаан цэцэг илгээдэг юм байна. Британид нөхөргүй бүсгүй хоёрдугаар сарын 14-ний өглөө нар мандахаас өмнө босон, цонхныхоо дэргэд зогсож, өнгөрөх эрчүүдийг харан, хамгийн анх харсан нь түүний ирээдүйн эр нөхөр гэсэн сүсэг байдаг гэнэ.
Данид эрчүүд уламжлал ёсоор нэр, гарын үсэггүй бэлэг бүсгүйдээ илгээн, хэрэв хэн илгээснийг хайрт бүсгүй нь тааж чадвал хариуд нь өндгөн шоколад илгээдэг аж. Испанид эрчүүд энэ өдөр хайрт бүсгүйдээ зөвхөн цэцэг өргөн барьдаг ба тэд хариуд нь бэлэг өгнө.
Гэгээн Валентины баярыг тэмдэглэх талаар онцлог бүхий улс орнууд байдаг ба ялангуяа Саудын Арабт энэхүү баярыг тэмдэглэхийг албан ёсоор хориглосон бөгөөд зөрчвөл асар өндөр торгууль төлдөг аж.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )