Өнөөдөр буюу Баасан гаригт АНУ-ын Зүүн эргийн цагаар 14:25-д 45 метр диаметртэй жижиг гариг дэлхийд хамгийн ихээр ойртох торгон мөчийг NASA шууд сурвалжлагаар дамжуулах юм байна.
NASA-гаас мэдээлж буйгаар, Алабама мужийн Хантсвилл дахь Маршаллын нэрэмжит сансрын төв болон Австралийн одон орон судлалын төвөөс хүлээн авах астериодын зургуудыг эрдэмтэн, мэргэжилтнүүд тайлбар хийн дамжуулах аж.
Нэг жилийн өмнө испанийн одон орон судлаачдын нээсэн 2012 DA14 биет нь 130 мянган тонн жинтэй, хөдөлгөөний хурд нь цагт 28100 км буюу секундэд 7,82 км юм.
Иймэрхүү хэмжээний жижиг гариг дэлхийд ойртох явдал 40 жил тутамд нэг тохиолдох ба дэлхийн гадаргуу дээр унаж сүйрэл учруулах боломж дундажаар 1200 жилд нэг тохиолдох магадлалтай аж.
NASA-гийн тооцооллоор, Дэлхийгээс холгүй тойрог замд эргэлддэг 1300 орчим “аюул учруулж болохуйц” жижиг гариг одоогийн байдлаар тодорхой байгаа гэжээ.
Дашрамд дурдахад, энэхүү гариг нь дэлхий, тойрог зам дахь хиймэл дагуулууд, Олон улсын сансрын станцад ямар ч аюул занал учруулахгүй хэмээн NASA агентлаг баталжээ. 2012 DA14 дугаарлалт бүхий энэхүү “сансрын зочин” дэлхийд ердөө 27,7 мянган км ойртож ирэх бөгөөд энэ нь хэзээ нэгэн цагт дэлхийд дөхөж ирж байсан гаригуудаас хамгийн ойрхон зайтай нь юм байна. Дэлхийгээс сар хүрэх зайнаас 10 дахин бага, тойрог замын хиймэл дагуулуудын хоорондын бүсээс ч ойрхон зай юм. Гэвч уг гаригийн нислэгийн чиглэл маш сайн судлагдсан ба Дэлхийтэй мөргөлдөх ямар ч боломжгүй гэж үзэж байна.
Харах боломжтой бүсүүд: http://www.wired.com/images_blogs/wiredscience/2013/02/2012da141.gif
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )