Канадын Парламент Монголын Цагаан сарыг тэмдэглэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 15

Монголын цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Канадын Парламентын Сенат болон Нийтийн танхимтай хамтран Канадын Парламентын ордонд хүлээн авалт зохион байгуулжээ.

Хүлээн авалтыг Канадын Нийтийн танхимын Спикер Э.Шийэр нээж үг хэллээ. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тухай дэлгэрэнгүй үг хэлж, энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв. Канадын Засгийн газрыг төлөөлөн Канадын Иргэншил, цагаачлалын сайд Жэсон Кенней үг хэлэхдээ Ерөнхий сайд С.Харперийн нэрийн өмнөөс Цагаан сарын мэнд дэвшүүлэв.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Канадын Үндэсний батлан хамгаалахын сайд П.МакКэй, Олон улсын худалдааны сайд Э.Фаст, Олон улсын хамтын ажиллагааны сайд Ж.Фантино, Байгаль орчны сайд П.Кент, Гадаад харилцааны сайдын Парламентын нарийн бичгийн дарга Д.Обрай зэрэг Засгийн газрын танхимын хийгээд Сенат болон Нийтийн танхимын гишүүд оролцов. Мөн Оттава хотноо амьдарч буй Монгол иргэд өргөнөөр оролцсон болно.

Хүлээн авалтын үеэр Монголын түүх, соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн болон видео бичлэг үзүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top