Хүн төрөлхтөнийг айдас хүйдэст автуулсан нэгэн мэдээлэл шинэ оны өмнөхөн давалгаалж байсан нь дэлхийн сүйрэл. Хүн төрөлхтөнд аюул учруулж, эх дэлхийг үгүй болно гэсэн мэдээлэл нь мөн л солиртой холбоотой. Асар том солир номхон далайд унаснаар эх газар усанд автаж хүн төрөлхтөн усан дор орох болно хэмээж байсан ч “Муу явдал” холуур өнгөрсөн.
Гэтэл шинэ он гармагц дахин түгшүүр зарласан мэдээлэл гарсан нь 2013 оны 2-р сарын 15-нд Гринвичийн цагаар /москвагийн 23:25/ манай дэлхийд солир ойртож ирнэ гэх асуудал. Эрдэмтдийн тооцоогоор дэлхий хүртэлх замын хэмжээ 30 мянган км бөгөөд газар зүйн хиймэл дагуулуудаас арай доогуур уг солир “нисэх” нь. Түүнчлэн мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар өмнө нь ийм хэмжээний сансар огторгуйн биетүүд нь өмнө эх дэлхийд ойртож байгаагүй аж.
DA-14 хэмээн нэрлэгдсэн уг биетийн диаметр нь 45 метр орчим бөгөөд жингийн тухайд 130 мянган тонн аж. Ийм төрлийн солир нь манай гарагийн ойр хавьд хэд хэдээрээ гарч ирж байсан гэж ОХУ-ын ШУА-ийн Звенигород хотын Одон орон судлалын хүрээлэнгийн тэргүүн Сергей Барабанов ярьсан байдаг.
DA-14 биетийн хөдөлгөөний хурд нь цагт 28100 км буюу секундэд 7,82 км туулах хурдтай юм. Иймэрхүү хэмжээний жижиг гариг дэлхийд ойртох явдал 40 жил тутамд нэг тохиолдох ба дэлхийн гадаргуу дээр унаж сүйрэл учруулах боломж дундажаар 1200 жилд нэг тохиолдох магадлалтай байдаг байна.
2008 онд солир нь манай гараг дээр унасан боловч ямар нэгэн аюул учруулсан хор хөнөөл дагуулаагүй юм. Газар дээр унаж, хэдэн хэсэг болсон хэлтэрхийнүүдийг мэргэжилтнүүд олж шинжилсэн байдаг. Эдгээр солир нь хэмжээгээрээ нилээд том боловч сансрын шинжээчид тойрог зам, физик үзүүлэлтүүд болон диаметрийг нь тодорхойлоогүй аж.
Харин энэ удаа илэрсэн DA-14 биет нь дэлхийтэй ойртож ирснийхээ дараа бодит хор хөнөөл учруулна гэж хэлж болохгүй гэнэ. Эрдэмтдийн ярьж буйгаар солир дэлхийн гадаргуунаас 300-400 км-ийн зайтай өнгөрөх юм бол энэ нь ямар ч нөлөө үзүүлдэггүй байна. Гэтэл DA-14 биет нь дэлхийд 27,7 мянган км ойртон ирэх нь том хэмжээний солир дэлхийд ойртож ирсэн анхны тохиолдол болж байгаа төдийгүй энэхүү “болзоо” нь солирын тойрог замыг өөрчилж, тойрог замын их хагас тэнхэлгийг өөрчилж мэдэхээр байгаа аж.
Эл болзошгүй үзэгдлийг оросын одон орон судлаач Леонид Еленин ийн тайлбарлажээ. “Атоны бүлэг нь хамгийн цөөн тооны бүлэг бөгөөд үүнийг илрүүлэхэд маш хүнд байдаг. Яагаад гэвэл ийм бүлгийн солируудыг дэлхийгээс ажиглах боломжгүй байдаг. Тойрог замын үүднээс болон физик шинжүүдийнхээ /DA-14/ хувьд солир эл бүлэг нь хэвээр үлдэнэ. Түүнчлэн тэр дэлхийд ойртсоор байх бөгөөд үүнийг судлахын тулд цаашдын хөдлөгөөнд нь ажиглалт хийх ёстой юм. Хамгийн хэцүү нь түүнийг ажиглах нилээд хэцүү байх болно. Тиймээс эл биет нь бидэнд бага зэргийн аюултай юм” гэжээ.
Тиймээс эцсийн прогнозыг хийхийн тулд нарийн ажиглалтууд болон солирын тойрог замын нарийн тооцоонууд шаардлагатай аж. Харин одоо мэргэжилтнүүд DA-14 дэлхийд аюул учруулахгүй гэдэгт итгэлтэй байгаа төдийгүй эх дэлхий ойрын жилүүдэд ямар нэгэн солиртой мөргөлдөхгүй хэмээн үзэж байгаа юм. Эрдэмтдийн эл дүгнэлтийг өнөө орой дэлхийн хажуугаар “нисэн” өнгөрөх DA-14 солир баталгаажуулна. Эл үзэгдлийг АНУ-ын Зүүн эргийн цагаар 14:25-д NASA шууд сурвалжлагаар дамжуулах юм.
Н.Гэрэлт
Сэтгэгдэл ( 0 )