НАСА-гийн мэдээллээр, 2012 DA14 астероид дэлхийд 27,7 мянган км ойртон зөрж өнгөрлөө. Сансрын хэмжүүрээр энэ нь их ойрхон зай ба Дэлхийгээс Сар хүртэлх зайнаас 14 дахин бага аж.
Зүүн Европ, Зүүн-Өмнөд Ази, Австралийн оршин суугчид уг биетийн ойртолтыг энгийн дурангаар харж чадсан байна. Бүхий л түгшүүрийн таамаглалыг үгүйсгэн, DA14-ийн ойртолт ямар ч солирын бороог дагуулсангүй.
45 м диаметртэй сансрын биет АНУ-ын Зүүн эргийн цагаар 14:25-д дэлхийд хамгийн ихээр ойртон түүнээс хойш холдож эхэлжээ. Хамгийн ихээр ойртох мөчид уг биет Энэтхэгийн далайн зүүн хэсэгт орших индонезийн Суматра арлын дээр байрлаж байв.
NASA-гаас мэдээлж буйгаар, 2012 DA14 астероидын ойртолт дэлхийн тойрог замд байгаа хиймэл дагуулуудад ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй ба түүний нислэгийн чиглэл өмнө нь мэргэжилтнүүдийн тооцоолж байсантай яг таарч байсан аж.
2012 DA14-ийн дэлхийд ойртсон явдал Челябинск мужид унасан солиртой огтхон ч холбоогүй, эдгээр сансрын биетүүд өөр өөр хэмжээ, нислэгийн чиглэлтэй байсан, ердөө л гайхалтай давхцал боллоо хэмээн НАСА баталж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )