Эмч нар “жирэмсэн” хүүд 330 доллар төлөхөөр болов

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 16

Өнгөрсөн оны есдүгээр сард Казахстаны Актобе хотын түргэн тусламжийн эмч нар 15 настай, сурагч хүү Байджаныг жирэмсэн хэмээн буруу оношилжээ. Түүний бөөрийг шинжилсний дараа эмч нар тийм дүгнэлт хийсэн байна хэмээн казахстаны КТК теле суваг мэдээллээ.

Ингээд хүүд жирэмслэлтэд зориулсан эм бичиж өгсөн ба түүнийг нь хэрэглээд биеийн байдал нь улам дордсон хэмээн эцэг эх нь ярьж байна. Тэд шүүхэд хандан, уг эмнэлгээс нөхөн төлбөрт 10 сая тенге буюу 67 мянга орчим доллар гаргуулахаар нэхэмжилсэн аж.

Гэвч шүүхийн зүгээс эмч нарын буруутай үйлдэл бүрэн батлагдаагүй гэсэн үндэслэлээр хүүд 50 мянган тенге буюу 330 доллар нөхөн төлбөрт олгуулах шийдвэр гаргасан байна.

Эмч нар өөрсдийгөө зөвтгөн, уг явдлыг санамсаргүй тохиолдол байсан, Байджаны шинжилгээний хариуг нэг өвчтөн эмэгтэйн хариутай андуурсан хэмээн мэдэгдээд байгаа аж.

Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байгаа ба нөхөн төлбөрт 50 мянган тенге гэдэг “үнэн шог” гэж үзэн давж заалдахаар болжээ. Хүүгийн зүгээс түүнд жирэмсэн гэсэн онош тавьсан эмчийг ажлаас нь халахыг шаардаж байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top