Тайландын Паттаяд хамгийн удаан үнсэлтийн шинэ амжилт тогтоожээ. Түүний эзэд нь Гэгээн Валентины өдрийг угтан жил бүр зохиогддог Ripley”s Believe It Or Not! тэмцээнд оролцогч гэр бүлийн хос аж.
Эккачай, Лаксана Тиранарат нар 58 цаг 35 минут 58 секунд уруулаа салгалгүй үнсэлцэж чаджээ. Тайчууд энэ удаа өмнөх амжилтаа 8 цагаар сунгаж чадсан байна. 2012 онд 31 настай Нонтават Яренгасорнисин, 28 настай Танакорн Ситтямтонг нар ялагчаар тодорч байжээ. Энэхүү гей хоёр залуу энэ жил мөн оролцсон боловч хоёр өдрийн марафоныг давж чадаагүй аж.
Өөрсдийн тэсвэр тэвчээр, дотно сэтгэлийг илэрхийлэхээр 9 хос оролцсон бөгөөд үзэгчид 50 жил ханилсан 74 настай Панаджет Йомичинде, 72 настай Суванне Йомичинде нарыг үнэхээр их сонирхсон байна. Гэвч тэдний үнсэлт хагас цаг гаруй л үргэлжилсэн аж.
Ялагчаар тодорсон Эккачай, Лаксана нар зохион байгуулагчдын зүгээс 100 мянган бат /3300$/, алмаз шигтгээтэй хоёр бөгж бэлгэнд авчээ. Энэхүү шагнал тэдэнд тийм ч хялбархан олдсонгүй. Тэмцээний үеэр олон шүүгчид байсан бөгөөд хянахын тулд тусгай зориулалтын бие засах газар, угаалгын өрөө зэрэгт дагалдаж ордог байсан аж.
Хосууд уруулаа салгах, унтах, идэх, суух ч хориотой байжээ. Зөвхөн уух зүйлийг гуурсаар дамжуулж байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )