Италийн эстрадын дууны Сан-Ремо 63 дахь удаагийн их наадмын ялагчаар дуучин Марио Менгони тодорлоо. Түүний “ L”essenziale” /"Хамгийн чухал нь"/ хэмээх дуу “Аристон” театрын тайзнаа эгшиглэн, шүүгчид, үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадав.
Удаах байранд гоцлол дуучин Элио өөрийн хамтлагтай орлоо. Гуравдугаар байр “Moda“ хамтлагт оногдов.
Шүүмжлэгчдийн шагналыг Мив Марини хүртэн, шилдэг оранжировкийн шагналыг дуучин Элиод олголоо.
Ням гаригийн орой их наадмын ялагчдын нэгдсэн тоглолт болох аж.
Дашрамд дурдахад, 1951 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа Сан-Ремо дууны их наадам нь италийн залуу дуучдын амжилтын гараа гэж тооцогддог. Энэхүү урлагийн авьяастнуудын наадмын түүхэнд дэлхийд танигдсан Аль Бано, Адриано Челентано нараас авахуулаад Рафаэль Гуалацци, Дольченера гэх мэт залуу дуучид бүгд түүний тайзнаас шоу-бизнесийн ертөнцөд хөл тавьсан билээ. Сан-Ремо их наадамд оролцох нь ихээхэн нэр хүндтэйд тооцогддог ба анх удаа “Аристон” театрын тайзнаа дуулсан бүх дуу уралдааны үр дүнгээс үл хамааран бүгд хит болдог онцлогтой аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )