“Сансрын зочдын” өмнө бид үнэхээр хүчин мөхөс үү...

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

 Хоёрдугаар сарын 15-ны өглөө Уралын өмнө зүгт Челябинскийн районд унасан солир дэлхий нийтийн анхаарлыг татан, алдарт Тунгусын солирын адил араасаа олон асуултууд үүсгэж буй бололтой.

Энэ нь эд материалын ихээхэн хохирол учруулж, тодорхой хэмжээнд хүмүүс бэртэж гэмтсэн сансрын биетийн дэлхийд үзүүлсэн бараг л анхны тохиолдол гэж болохоор. Мөн хамгийн их  баримт материал элбэгтэй үзэгдэл болж байна. Олон тооны бичлэгүүдээс харахад түүний нислэгийн чиглэлийг яг таг тодорхойлон, бусад хэмжээсүүдийн талаар ч мэдэж болохоор мэт.

Бас нэг сонин баримт бол: “Сансрын хяналтын төхөөрөмжүүд агаар мандлын доод үеүдэд л тэсрэлтүүдийг тэмдэглэж авсан” хэмээн Оросын Онцгой байдлын яамны хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Елена Смирных мэдэгдсэн явдал юм. Чухам ямар “төхөөрөмжүүд” гэдэг нь тодорхой бус.

Эрдэмтэн шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү Челябинскийн солир нь хүн төрөлхтөнд бас нэгэн нухацтай бодолхийлэх зүйл гаргаж ирж байгаа аж.  Ховорхон боловч тохиолддог иймэрхүү үзэгдлүүдийн үед бидэнд хамгаалалт байна уу?

Энэ асуулт хүмүүсийн дотор зүй ёсоор үүсээд байна. Учир нь, Челябинскийн солирын талаар ямар ч мэдээлэлгүй байж байгаад гэнэт тулгарсан явдал юм. Үүнээс харахад, уг биет сансраас гэнэт асар хурдтай орж ирсэн учраас мэдээлэх боломж гараагүй юм болов уу гэсэн таамаглал төрж байна.  Бас нөгөө талаар сансрын гаралтай бус зүйл байсан юм болов уу гэсэн сэжиг төрөхөөр. Зарим таамаглалаар, солиртой төсгүй, ямар нэгэн нисдэг төхөөрөмжтэй адил байсан гэсэн мэдээлэл гарчээ. Жишээ нь, Росгидромет-ийн мэргэжилтнүүд ингэж өгүүлж байгаа нь сонирхол татаж байна. Тухайн үед буюу 14-15-ны үед сансрын цаг уурын зүгээс ямар ч довтолгооны шинж тэмдэг илрээгүй хэмээн мэргэжлийн байгууллагын эрдэмтэд батлаад байгаа нь ихээхэн эргэлзээ төрүүлэхээр аж.  Нөгөө тэрслүүд үг хэл, үзэл бодлоороо алдартай Владимир Жириновский хүртэл америкийн цэргийн шинэ пуужингийн амжилтгүй туршилт гэх ухааны юм “цуураад” байгаа. Түүний өгүүлж буйгаар, АНУ-ын төрийн шинэ нарийн бичгийн дарга Жон Керри Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровт энэ талаар урьдчилан анхааруулах гэтэл нөгөөх нь яг энэхүү чухал үед Африкт “тэнэж “ яваад холбоо барьж чадаагүй юм байх... гэх мэтчилэн элдэв таамаглал дэвшүүлцгээж байна.

Ямартай ч,  хүн төрөлхтөн бие биенээ устгах хүчтэй зэвсэг бүтээхэд анхаарахын оронд иймэрхүү гэнэтийн үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх талаар хүчээ нэгтгэн, хамтран ажилладаг бол хичнээн сайн байхсан билээ. 

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top