Исландын засгийн газар тус орны иргэдийг интернет- порнод нэвтрэхийг хориглож, порно-сайтад нэвтэрсэн тохиолдолд хариуцлага тооцох, мөн түүнчлэн стриптиз-клубуудыг хаахыг хүсч байгаа аж. Эдгээр нь хүүхдүүдийг муу зүйлээс хамгаалан, сексийн хүчирхийллийн түвшинг бууруулахад чиглэж байгаа гэнэ.
Исланд бол 320 мянга орчим хүн амтай багавтар улс юм. Тэгээд ч энэхүү хуулийн төсөл нь батлагдвал европын бусад орнуудад үлгэр дууриал болох аж. “Бид сар руу хүн нисгэж чадаж байж, яахаараа нэг муу порног интернетэд хориглож чадахгүй гэж?” хэмээн Исландын гадаад хэргийн сайдын зөвлөх Хала Гуннарсдоттир өгүүлжээ.
Түүний үзэж буйгаар, порногоос татгалзах явдал нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд бүх нийгмээрээ хийх зайлшгүй алхам аж. “Эцэг эхчүүд цаг үргэлж хүүхдүүдтэйгээ хамт байж чаддаггүй. Харин порно-индустри бол бүхий л боломжтой арга замаар хүүхэд залуучуудад хүрэхийг байнга эрмэлздэг” гэж тэрээр баталж байна.
Гуннарсдоттирын энэхүү баталгааг харин бусад орны туршлага үгүйсгэж байгаа юм байна. Бодит амьдрал дээр харахад, порно түгэн дэлгэрэх явдал нь сексийн хүчирхийллийг нэмэгдүүлэх бус харин эсрэгээрээ бууруулан, бэлгийн харилцааны асуудалтай хүмүүсийг өөрийн сексийн дур хүслээ гар хангалгаар дарах нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг хэмээн үздэг аж.
Америкийн секс судлаач Мильтон Даймонд, японы өсвөр насныхны гэмт хэрэг судлаач Акаски Учияма нар порнографийн нийгэмд үзүүлэх нөлөөний талаар өргөн хүрээтэй судалгаа явуулсан байна. Тэд XX зууны хоёрдугаар хагаст Японд гарсан сексийн холбогдолтой гэмт хэргийн тоо баримтыг судалжээ.
Уг судалгаанаас харахад, тус оронд порнографийн хоригийг цуцалсан 1972 оноос 1995 оны хооронд хүчирхийллийн тоо гурав дахин буурч, ялангуяа өсвөр насныхны үйлддэг секстэй холбоотой гэмт хэрэг эрс буурсан аж.
Одоогийн байдлаар Иран, Саудын Араб, Йемен зэрэг хэдэн оронд порног хорьж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )