Миссисипи мужид боолын нийгмийг албан ёсоор халав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

АНУ-ын Үндсэн хуулийн 13 дахь өөрчлөлтөөр боолын нийгмийг халсан сүүлчийн муж нь Миссисипи боллоо. Тус хууль улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс 148 жилийн дараа энэ явдал болж байна.

Миссисипи Их сургуулийн нейробиологи, анатомийн профессор, доктор Ранжан Батран ачаар энэ сонин үйл явдал болж байгаа аж. Тэрээр өнгөрсөн оноос дэлгэцэнд гарч эхэлсэн найруулагч Стивен Спилбергийн “Линкольн” киног үзээд муж тус бүр хэзээ боолын нийгмийг халсан талаар баримт материалууд судалж байтал Миссисипи муж өнөөг хүртэл албан ёсоор халаагүй нь тодорчээ.

1995 онд тус мужийн төлөөлөгчдийн танхим болон сенат 13 дахь удаагийн засварыг санал нэгтэй баталсан боловч уг баримтын хуулбар АНУ-ын Холбооны бүртгэлд ороогүй учраас албан ёсоор баталгаажаагүй байжээ. Энэ өнцгөөс нь харвал, тус мужийн нутаг дэвсгэр дээр боолын нийгэм албан ёсоор одоог хүртэл оршин байсан аж.

Доктор Батра тэрхүү алдааны талаар холбогдох байгууллагуудад мэдээлсэн бөгөөд энэ хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Холбооны бүртгэлийн албаны дарга Чарльз Барт албан ёсоор болсныг зарласан байна.

АНУ-ын Үндсэн хуулийн 13 дахь өөрчлөлт 1865 оны арванхоёрдугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болж байжээ.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top