Ахынхаа зүрхийг суулгасан хүнд анхны харцаар дурлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Энэхүү түүхээс харахад, бусдын хайрыг аврахын тулд өөрийн биеийн хэсгээ зориулахыг хүмүүсээс гуйж буй, эрхтэн шилжүүлэн суулгалтыг даван гарсан, тэврэлдсэн хоёр хосын зурагтай сурталчилгааны плакатыг британийн нэгэн байгууллагаас гаргасан нь үнэхээр оновчтой болжээ гэмээр.

АНУ-ын оршин суугч бүсгүй, түүний ахын зүрхийг шилжүүлэн суулгасан залуу хоёрын дунд гал халуун хайр дурлал үүсчээ хэмээн  ABC News-д мэдээлсэн байна.

Эрин Робертсын өгүүлснээр, тэрээр Коннор Рабиновичэд анхны харцаар л дурлажээ. “Тэр бол юутай ч зүйрлэшгүй мэдрэмж байсан” хэмээн бүсгүй дурсаж байна. Түүний ах, Сиэтлийн оршин суугч Келлан Робертс 2005 оны гуравдугаар сарын 7-нд зуурдаар нас барсан аж. Тэрээр Өмнөд Дакотад аяллаар явж байхдаа толгойгоороо хад мөргөж унан, нас баржээ.Яг тэр үед хөрш зэргэлдээ Миннеаполист 17 настай Рабинович донорын зүрх хүлээн, үхэл амьдралын ирмэг дээр байсан аж.

Азаар, амьдралын хамгийн чухал эрхтний шилжүүлэн суулгалт амжилттай болж, Рабиновичад хоёр дахь амьдралыг бэлэглэжээ. Тэрээр эмнэлгээс гарангуут залуу хүү түүний цээжин дотор чухам ямар хүний зүрх цохилж буйг илүү сайн мэдэхийг хүсчээ. Талийгаач Келлений дүү бүсгүйг анх харангуут тэдний хооронд ямар нэгэн оч мэт зүйл дамжих шиг болсон аж. Ингээд танилцаад хэдэн сар болсны дараа залуу хос гэрлэсэн байна.

“Энэ бүхний төлөө Келленд би хичнээн их талархаж байгааг минь түүнийг мэдээсэй гэж хүсэж байна” хэмээн аз жаргалд умбасан Коннор өгүүлж байна.

“Чиний маш ихээр хайрладаг байсан хүний чинь биеийн нэг хэсэг үхлээс нь хойш үргэлжлэн амьдарсаар байх болно гэдгийг төсөөлөхөд эхлээд их хэцүү мэт. Гэвч энэ тохиолдолд, тэр бол үл биелэгдэх зүйл бус гэдэг нь нотлогдож байна. Миний ах өөр хүнд амьдрал бас аз жаргалтай хайр дурлал бэлэглэж чадлаа” гэж Эрин Робертс бүсгүй өгүүлжээ.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top