Шинэ Зеландын Крайстчерчийн 20 настай залууд аз дайран, толгойдоо 9 см урт хутга ишинд нь тултал зоолгоод амьд үлдэж чаджээ. Эмгэнэлтэй байдлаар төгсөх шахсан уг явдал зодолдож буй хүмүүсийг салгах гэж оролдох үед тохиолдсон аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний шооконд ормоор фото-рентген зургийг нийтэлсэн байна.
Сэтгүүлчид нэрийг нь нууцалж буй уг залуу хүү үдэшлэг дээр хоёр таньдаг найз нь муудалцахаар салгах гэж дундуур нь орон, толгойдоо хутга зоолгосон аж. Хэргийн газарт очсон цагдаагийнхны өгүүлж буйгаар, хутга залуугийн зүүн нүдний дээхэн талд толгойд нь орсон байжээ.Зөвхөн хутганы иш л гадна талд нь харагдаж байсан аж.
Дуудлагаар очсон цагдаа өмнө нь сэхээн амьдруулагч эмчээр ажилладаг байсан нь залууг аврахад тус болсон байна. Тэрээр ямар ч тохиолдолд хутгыг шархнаас сугалж авч болохгүйг туршлагаараа мэддэг тул залууг хутга зоолттой чигт нь эмнэлэгт хүргэсэн аж.
Рентген зураг дээр 9 см урт хутга хараад эмч нар үнэхээр их гайхсан байна. Тэд залуу хүүг аврахын тулд хэдэн цагийн турш тэмцжээ. Азаар, мэс засал амжилттай болсон аж. Тэр ч бүү хэл хараагаа хадгалж чадсан байна. Эмч нарын ярьж буйгаар, ахин 2 мм цаашилсан бол нүдгүй болох байсан бөгөөд мөн 2 см дээш орсон бол тархи нь ноцтой гэмтэх байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )