Компьютерийн системийг хамгаалах ажил эрхэлдэг америкийн Mandiant компани АНУ-ын эсрэг кибер тагнуулд хятадын армийг буруутгалаа.
Мэргэжилтнүүдийн баталж буйгаар, 2006 оноос хойш БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн нууц анги нэгтгэлийн хакерууд америкийн олон арван хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, улсын болон хувийн байгууллагуудыг довтолсон байна.
Тэдний гол зорилго нь мэдээлэл цуглуулах явдал байсан гэж The New York Times 74 хуудас илтгэлдээ дурджээ. Хакеруудын гарт олон чухал баримт бичиг, зураг төсөл, гэрээ хэлэлцээр, цахим захидлууд гээд хэдэн зуун терабайт материалууд орсон аж.
Засгийн газрын дэмжлэгтэй ажилладаг Unit 61398 хэмээх анги нэгтгэлийн штаб Шанхай хотын Пудун районд 12 давхар байшинд байрладаг гэж Mandiant-ийн илтгэлд дурдагджээ. Шинжээчдийн үзэж буйгаар, уг байранд олон зуун хүн ажилладаг аж.
2012 оны арваннэгдүгээр сард эдийн засаг, аюулгүй байдлын салбар дахь АНУ, БНХАУ-ын хоорондын харьцааг судалдаг америкийн комисс Хятадыг “кибер орон зай дахь хамгийн аюултай тоглогч” гэж нэрлэжээ. Бээжингийн зүгээс өөрсдөө мөн кибер дайралтын золиос болдог гээд өөрсдийн гэмийг үгүйсгэж байгаа аж.
Түрүүхэн The New York Times сониныг хятадын хакеруудаас хамгаалдаг Mandiant гурван сарын хугацаанд редакцийн компьютеруудад 45 янзын троян тогтоогдсоныг илрүүлсэн байна. Уг довтолгоонууд 2012 оны аравдугаар сарын 26-нд Хятадын ерөнхий сайд Вэнь Зябаогийн “нууц баялгийн” тухай нийтлэл хэвлэгдсэнээс хойш эхэлсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )