Петербург үнсэн товрог болох аюулаас азаар аврагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

ОХУ-ын Петербург хот үнсэн товрог болох аюулаас аврагдсан нь тус улсын Ерөнхийлөгч В.Путины хэлснээр ёстой л бурханы аврал байсан бололтой. Энэ сарын 15-нд ОХУ-ын Уралд унасан Чебаркулын солир тус өргөрөгт дөрвөн цагийн өмнө дэлбэрсэн бол Петербургийг үнсэн товрог болгох байжээ. Харин азаар 4 цагийн хойно Чебаркул орчимд унасан нь хохирол багатай өнгөрлөө хэмээн Оросын эрдэмтэд дүгнэж байгаа аж.

Хэрэв Петербургт унасан тохиолдолд Японы Хирошима, Нагасаки зэрэг хотууд шиг хувь заяа Орос оронд тохиох байжээ. Чебаркулын солир хэмээн нэрлэгдээд байгаа эл солирын талаарх Америкийн сансрын агентлаг НАСА-гаас хамгийн сүүлд цацсан мэдээлэл нь “Чебаркулын солир 10 мянган тонн жинтэй байсан бөгөөд тэнгэрийн биет тэсэрсэн үеэр ялгаран гарсан энерги 500 килотоннд хүрсэн” гэжээ.

Энэ нь Японы Хирошимад хаясан атомын бөмбөгнөөс 20 дахин илүү хүчтэй гэж байсан бол өдгөө 30 дахин илүү хүчтэй байсан. Газраас 27-30 км-ийн зайд тэсэрсэн учраас хүч нь саарч Чебаркулийн иргэд шалбархай төдий бэртэл авсан нь азтай явдал боллоо хэмээжээ.

Чебаркулийн солироос үүдэн сансраас агаар мандалд нэвтэрч эх дэлхийг чиглэж буй солирын хөдөлгөөнийг урьдчилан тааварлах аргагүй бөгөөд хүн төрөлхтөн өөрийгөө солироос хамгаалж чадахгүй гэж үзэж байгаа учраас солирын дайралтаас хамгаалах бамбайг бий болгох санал аль хэдийнээ гарчээ.

Харин үүнээс өмнө яригдаж байсан сансрын том биетээс дэлхийг урьдчилан хамгаалах яриа нь ор үндэсгүй хэмээн ОХУ-ын Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев үзэж байгаа аж. Тэрбээр “Нарны системийн хүрээнд буй томоохон объект буюу жижиг гаригийн хөдөлгөөнийг сайн ажиглаж болно. Тэдгээр нь ямар нэг аюул учруулахгүй. Харин нарны системээс гадуур орших объектууд аюултай. Тэдгээрийг ажиглахад олон улсын систем шаардагдаж байна. Түүний тусламжтайгаар сансрын аюултай объектын хөдөлгөөнийг ажиглаж болно. Өнөөгийн дуран авайн систем зорилтыг хэсэгчлэн биелүүлж байна. Гэвс тус систем нь зөвхөн объектыг илрүүлэх чадвартай. Маш хурдан хөдлөж байгаа биетийн даялалыг өөрчлөх зорилгоор юу ч хийж чадахгүй. Дэлхийг аюулаас хамгаалахын тулд наанадаж олон арван мянган км зайтай орших аюултай биетийг даялалаас нь гарган устгах хэрэгтэй” гэжээ.

Өөрөөр хэлбэл химийн лазераар тоноглох, дэлхийн биш объектуудын даялалыг өөрчлөх  систем шаардагдаж байгаа гэнэ. Гэвч шинжээчид сансрын бамбайг байгуулах асуудлаар өөр өөр санал дэвшүүлээд байгаа аж.

Зарим өөдрөг үзэлтэй шинжээчид “Аюултай том объект дэлхийтэй ердөө мөргөлдөхгүй” хэмээж байгаа бол зарим нь “Дэлхийн соёл иргэншилд заналхийлж мэдэх сансрын объектыг илрүүлж болно” гэж үзжээ. Тэдний дийлэх нь аз дайрвал Челябинскийнхтэй тэнцэх солирыг ажиглаж болох бөгөөд ийм аюул тулгарахыг зөвхөн зарим тохиодолд хүмүүст урьдчилан мэдээлж болно гэж байгаа юм. Ямартай ч шинжээчдийн хэлснээр уралынхтай адил үйл явдал хаяа нэг болдог ч далай тэнгисийн усанд унаж байгаа нь хүн төрөлхтөнийг аврах хүчин зүйл болсон юм хэмээн оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Н.Алтанхүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top