Италийн тагнуулын байгууллагын экс дарга Николо Поллари Терроризмын хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдийг нууцаар хулгайлан, бусад улсад шилжүүлсэн өгсөн хэрэгт буруутгагдан, шүүхээс 10 жилийн хорих ял сонсчээ. Николо Полларигийн өмгөөлөгч хэлэхдээ шүүх хурлаар төрийн нууцад хамаарах асуудал хэлэлцсэн тул үйлчлүүлэгчээ бүрэн хэмжээнд өмгөөлж чадаагүй гэж байр сууриа илэрхийлжээ. Харин уг хэргээс болж албан тушаалаасаа огцорч байсан Поллари албан тушаал хашиж байхдаа энэ хэргийг мэдээгүй учир буруугүй гэж мэдүүлсэн ч, шүүх түүнийг буруутай гэж үзжээ.
Мөн энэ хэрэгт түүний орлогч байсан Марко Манчинигаас гадна тус байгууллагын 3 ажилтан буруутгагдаж 3-9 жилийн ял авсан байна. Энэ хэрэг 2003 онд Италид болсон бөгөөд Египетийн иргэн Абу Омарыг ТТГ нууцаар баривчилж АНУ руу аваачсан юм байна. Абу Омарын мэдүүлснээр түүнийг 7 сар эрүүдэн шүүсний эцэст ямар нэг ял тулгалгүй суллаж явуулжээ.
Түүнчлэн Италийн шүүх өнгөрсөн жил уг хэрэгт оролцсон гэх АНУ-ын иргэн 22 хүнд эчнээ ял оноосон юм. Тэдэн дунд Милан дахь ТТГ-ын товчлогч асан Роберт Лэйдид 8 жилийн хорих ял оноосон юм байна.
Сэтгэгдэл ( 0 )