Брюсселийн эрдэнэсийн дээрэм Европыг шооконд орууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 20

Брюсселийн нисэх буудал дээр болсон дээрмийн дараа дэлхийн алмаазын арилжааны зүрх болсон Антверпен дахь Ховенирстраат гудамж шооконд оржээ. Даваа гаригт, зэвсэглэсэн найман этгээд тавхан минутын дотор, ганц ч буун дуу гаргалгүй, хэдэн хайрцаг алмааз эрдэнэс, алт дээрэмдсэн билээ.

Mercedes фургон, Audi A8 жижиг тэрэг хөлөглөсөн дээрэмчид үнэт ачаа тээвэрлэж байсан онгоц руу давхин ирж, “Бринкс” хувийн компанийн хамгаалагчдыг сүрдүүлэн, эрдэнэстэй хайрцгуудыг аван зугатжээ. Цагдаагийнхан тэдний мөрийг алдсан аж.

“Гэмт этгээдүүд цагдаагийн дүрэмт хувцастай төстэй хувцасласан байсан. Тэд замын хашилтуудыг дайран, онгоцны талбай руу орж ирсэн. Дээрэм хийчихээд мөн тэр маягаар буцаж зугатсан байна” хэмээн прокурорын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга өгүүлжээ.

Цагдаагийнхан нисэх буудлаас хэдэн км зайд шатсан “Мерседес” машиныг олсон байна. Алдагдсан алт, эрдэнэсийн тооцоог гаргаж байгаа аж. Сүүлийн жил хагасын дотор брюсселийн нисэх буудал дээр дөрвөн удаа зэвсэгт халдлага гарчээ. Нисэх буудлын аюулгүй байдлын системд учир дутагдал их байгаа талаар удирдлагуудад нь нэг бус удаа анхааруулж байсан гэж цагдаагийнхан онцлон дурдаж байна. Мөн прокурорын зүгээс уг том дээрэмд “дотоодын” гар оролцсон хэмээн үзэж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top