Теле нэвтрүүлэгч онгоцны бүхээгийн эфирт ухаан алдав /видео/

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Австралид телевизийн хөтлөгч шууд эфирт ухаан алджээ. Sunrise сувгийн цаг агаарын хөтлөгч Грант Деньер спорт онгоцны бүхээгээс эфирт гарсан аж.

Агаарын хөлөг элдэв эргэлт хөдөлгөөн хийгээд эхлэнгүүт нэвтрүүлэгч “хачин” болсон байна. Уг онгоцыг дээд зэргийн үзүүлбэрийн мэргэжилтэн, цэргийн нисэгч асан Мэтт Холл агаарт жолоодож гарчээ. Теле хөтлөгч Деньер онгоцоор 8 үйлдэл хэрхэн хийдгийг амьдрал дээр үзмээр байна гэсэнд түүнийг бүхээгтээ авч явахыг зөвшөөрсөн аж.

Гэвч ачаалал харьцангуй хүнд тусчээ. Деньер бүхий л амьдралдаа мөрөөдсөн зүйл нь биеллээ хэмээн тоглоом, наргиа хийхийг хичээж байсан ч хурдхан газар руугаа буцахыг хүсч буй нь илт. Үзэгчид түүний царай цайгаад ирэхийг анзаарсан байна. Дараа нь толгойгоо бөхийлгөн, нүдээ аньж, түр ухаан алджээ.

Студийн хөтлөгч Мелисса Дойл уг явдлыг хараад дуу алдан “Тэр салчихлаа! Хурдхан кадраа хаа, бид үүнийг үзэхийг хүсэхгүй байна” гэж хашгирсан аж.

Австралийн  News.com.au-д тэмдэглэснээр, Деньер өөрийн хамтрагч Дэвид Кох, Марк Беретта нарыг бодвол харьцангуй сайн давсан ба нөгөөдүүл яг ийм нөхцөлд дотор нь муухайрч, бөөлжсөн аж. “Би бөөлжөөгүйдээ их баяртай байна. Эс тэгвээс онгоцны бүхээг цэвэрлэх асуудал үүсэх байлаа” гэж Деньер хошигносон байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top