Төрөлхийн хөл, гаргүй алдартан хүүтэй боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Хорвоод хөл, гаргүй мэндэлсэн боловч өөрийн онцгой авьяасаар дэлхийд гайхагдсан Ник Вуйчич, түүний эхнэр Канаэ нар хөөрхөн хүүтэй болжээ. Хүү Киеш Жеймс Вуйчич төрсөн талаар аз жаргалаар бялхсан аав нь өөрийн “Facebook” хуудсандаа мэдээлсэн байна.

“Энэ агуу их хайр, залбирлын төлөө та бүхэндээ талархал илэрхийлье! Бидний хүү Киеш Жеймс Вуйчич 8 фунт 10 унци \3 кг 600 гр\ жинтэй, 21 3\4 дюйм \53 см\ өндөр төрлөө. Ээж Канаэн бие маш сайн байна” гэж Ник бичжээ.

Хүүгээ төрөхөөс өмнө Ник мөн эхнэрийнх нь жирэмсний явц хэвийн, ЭХО-д харуулахад хүүхэд нь цоо эрүүл байсан талаар бичиж байжээ. “Гар нь 10 хуруутай, хөл нь 10 хуруутай байна!” гэж ирээдүйн эцэг ихэд баярлан бичсэн аж.

Аз жаргалд умбасан хосууд дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун мянган мэндчилгээ хүлээн авч байна. Ажил амьдралдаа амжилттай, утга учир төгс амьдрахын тулд заавал бусадтай адилхан байх албагүй гэдгийг Ник Вуйчич өөрийн бодит амьдралаар үлгэр жишээ үзүүлж байгаа билээ.

Ник Вуйчич өөрийн амьдралын түүхийг гайхалтай хошин шогийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, уянгын халил бүхий өгүүлсэн “Хил хязгааргүй амьдрал” хэмээх номоо хэвлүүлэн гаргасны дараа ихэд алдаршсан аж. Тэрээр өөрийн энэхүү хэцүү байдал дотроос саад тотгорыг бус өсөж хөгжин дээшлэх боломжуудыг олж хардаг болохын тулд түүнд багагүй хугацаа шаардагдсан байна. Тэр өөртөө тусалж чадахуйц амьдралын дүрэм журмыг боловсруулан, түүнийгээ өөрийн номын хуудсаар дамжуулж уншигчидтайгаа хуваалцжээ.

Ник Вуйчич одоо 31 настай ба энэхүү ахархан хугацаанд түүнээс хоёр дахин ахмад настай эрүүл саруул хүмүүсийн ч хийж чадаагүй олон зүйлийг амжуулжээ. Тэрээр хоёр дээд боловсрол эзэмшин, гайхамшигтай уран илтгэгч болж, дэлхийн 20 гаруй орноор яван, бизнес-форум, сургууль, сүм хийд, асрамжийн газрууд, шоронгууд гээд олон янзын газарт 3 сая гаруй хүмүүст амьдралын түүхээ сонсгон илтгэл тавьсан аж. Тэрээр жилд 250 удаа илтгэл тавин, дэлхийн янз бүрийн теле компаниудад байнга ярилцлага өгч байна.

Ник Вуйчич сэтгэл булаам сайхан бүсгүй Канаэ Миахаретэй гэрлэсэн аж.

Ник 1982 онд Австралид төрсөн. Тэрээр төрөлхийн хөл, гаргүй хэдий ч хэнээс ч хамааралгүй, гайхалтай төгс маягаар амьдарч байгаа, компьютер дээр минутад 43 үг бичдэг, серфингээр хичээллэн, гольф тоглож, загасчлал сонирхдог, усанд сэлж, тэр бүү хэл трамплинаас ус руу үсэрч чаддаг аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Maral Ononbayar(202.55.188.36) 2019 оны 10 сарын 01

vneheer gaihaltai .Hol gargvi ch chihsen hicheej zvtgej aldartai bolson bhd yagaad ervvl hvn zvtgej bolohgvi gej bi bodoj bna

0  |  0
Top