АНУ-д “зууны их цас” орлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

АНУ-д сүүлийн 100 жил үзэгдээгүй их цас оржээ. Төвийн хоёр муж болох Канзас, Миссурид онц байдал зарлагдан, цагдаагийнхны зүгээс хүмүүсийг аль болохоор орон гэрээсээ гарахгүй байхыг хүссэн аж.

Их цас Колорадогоос Иллинойсоор дамжин, гол цохилтын хүч нь онц байдал зарлагдсан уг хоёр мужид тохиолджээ.  Зарим районуудад мөндөр орсон байна.

Цаг агаарын тааламжгүй байгаа бүс нутгуудад 60 сая буюу АНУ-ын хүн амын 1\5 хувь багтаж байгаа аж. Канзасын олон улсын нисэх буудал хараахан хаагдаагүй байгаа ч бүх нислэгийн 90% цуцлагдсан байна.

Одоогийн байдлаар, их цасны улмаас Небраска, Оклахомад тус бүр нэг хүн амь эрсэджээ. Тэд жолооч нар байсан бөгөөд машин нь зам дээр гулган, осолд орсон байна. Одоо авто замууд дээр цас цэвэрлэх техникүүд тасралтгүй ажилласаар байгаа хэдий ч байгалийн гамшгийн өмнө хүчин мөхөсдсөн хэвээр байна. Цагдаагийнханд ослын дуудлага тасралтгүй ирж байгаа аж.

Аврагч Билл Ринг жолооч нарт анхааруулж байна: “Аялал хэдийгээр чухал зүйл боловч таны амь нас илүү үнэ цэнэтэй. Болж өгвөл нэг өдрийн дараа гэрээсээ гарахыг хичээгээрэй. Ойрын үед та замд гарвал өөрийн төдийгүй бусдын амь насаар дэнчин тавих болно шүү. Бидний үнэлгээгээр, зам тээврийн ослын аюул одоогийн байдлаар энгийн үеэс дөрөв дахин нэмэгдээд байна” гэжээ.

Цаг уурчдын мэдээлж буйгаар, зарим районуудад цасны гүн 45 см хүрсэн байна. Ийм их цас төвийн мужуудад 1912 оноос хойш огт тохиолдоогүй аж. Тухайн жил цаг уурын ажиглалтын түүхэнд хамгийн хүйтэн болж, агаарын хэм хасах 40 хүрэн, хүйтнээс болж 47 америк иргэн амь эрсдэж, тэр ч бүү хэл алдарт Ниагарын хүрхрээ хөлдөж байжээ.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top