Эрчүүд тайган болж насаа уртасгахыг хүсэх болов уу

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 23

Эмэгтэйчүүд яагаад эрчүүдээс урт насалдаг вэ? гэсэн асуултын хариултыг Солонгосын эрдэмтэд олжээ. Хэргийн бүх учир тестостероны \эр бэлгийн дааврын\ ялгаралтанд байсан аж. Тэр “этгээд” л эрчүүдийн дархлааны болон зүрх судасны системийг гэмтээн, бие организмыг нь “сүйтгэдэг” гэнэ.

Түүхчид болон биологичдын багийнхан эрчүүдийн урт наслах нууцын түлхүүрийг олжээ. Эмэгтэйчүүд нь эрчүүдээс удаан амьдардаг байгалийн шударга бус зүй тогтлыг тайган болох замаар арилгаж болох аж. Гэвч эрчүүдийн олонхи нь иймэрхүү үнэ цэнээр амьдрах насаа уртасгах нь юу л бол...

Эрдэмтдийн тайлбарласнаар, Солонгост Чосон удмын тайганууд дундажаар 70 жил  буюу өөрийн адил хүйстнүүдээс даруй 14-19 насаар урт амьдардаг байжээ.  Тухайн үеийн 81 тайганаас гурав нь бүр 100 илүү насалсан аж.

1392-1910 онд солонгосын удам дамжсан засаглалын үед тайган болж ордонд алба хашихын тулд хөвгүүд “хөнгөлүүлэх” тохиолдол элбэг гардаг байжээ. Дундад болон Зүүн Азид түүхийн урт хугацааны туршид тайганууд зарц, харуулын үүрэг гүйцэтгэдэг байсан ба  Чосон ордонд тэднийг эхнэртэй болж, хүүхэд үрчилж авах замаар гэр бүлтэй байхыг зөвшөөрдөг байсан аж. Тайгануудаас ялгаатай нь ордонд бүхий л насаараа амьдарч байсан хаадын дундаж наслалт 47 байжээ.

Эрдэмтдийн өмнө нь хийж байсан судалгаагаар, сүүн тэжээлт амьтдын эм нь эрээсээ урт амьдарч байсан ба энэхүү үзэгдлийн шалтгаан нь бас л тестостероны ялгаралттай холбогдож байсан аж. Ингээд цааш нь туршилтаа үргэлжлүүлэн судлахад, эр амьтдыг хөнгөлсний дараа амьдрах хугацаа нь харьцангуй сунаж байжээ.

Манай монгол ухаанаар бол энэхүү наслалтын ялгааг арай өөрөөр ойлгон тайлбарладаг. Эрчүүдийн богино наслалтын шалтгааныг ихэвчлэн тэдний амьдралын болон хооллолтын буруу зуршилтай холбож үзэх нь элбэг. Архи, тамхины хэт их хэрэглээ, мах, өөх тосонд “нугасгүй” дуртай нь өвчин үүсгэх шалтгаан болдог гэх нь бий. Зарим үед уламжлал, ёс заншилтай ч холбон үзэж болохоор. Гэрийн эзэндээ хоолныхоо дээжийг барьж байна гээд хамаг өөх, тосыг нь хамж, мангар том аяганд хийж барин хүндлэл үзүүлснээр, элэг цөс, таван цулыг нь "будаа" болгож өгөөд, "нөгөө ертөнцөд" амархан морилох замыг нь засаад байх ч магадлалтай гэлцэнэ. Харин гэрийн эзэгтэй нар болохоор ямар ч шим шүүсгүй үлдэгдэл усан шөлийг нь "цохиод" л урт наслаад байна гэж хардах хүмүүс ч мэр сэр байна, хэдийгээр энэ нь хошин өнгө төрхтэй ч...

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top