Төрийн ордноо өнөөдөр /2013.02.25/ эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалт зөвлөлгөөнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцож илтгэл тавьлаа. Тэрбээр энэ УИХ орон нутагт төсвөө бүрэн мэдэж зарцуулах эрх мэдлийг анх удаа өгсөн гэдгийг хэллээ.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай шинэ хуулиар орон нутгийн өөрөө мэдэж зарцуулах хөрөнгө 2,5 дахин нэмэгдсэн байна. Орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр төсвийн зарцуулалтад хяналт тавих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шууд ардчилалыг хэрэгжүүлэх, ИТХ-ыг чадавхижуулж Үндсэн хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэх цаг болсон гэдгийг Парламентын тэргүүн илтгэлдээ дурдаж байсан. Түүнчлэн иргэдэд шууд зар, мэдээллийг хүргэх нь шууд ардчилалыг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэдгийг онцоллоо. Цахим хуудсаар төрийн байгууллагын бүх мэдээлэл ил тод, нээлттэй байхын зэрэгцээ “Багийн хурал болно” гэсэн зар биш Багийн хурлаар юу хэлэлцэх гэж байгаа, асуудал нь ямар ач холбогдолтойг дурдсан мэдээлэл тавьж байх нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж байв.
Төсвийн тухай хуулийг хэлэлцэж батлахдаа иргэдийн саналд тулгуурлаж байх болсон тул хуулийн цаглабарыг баримталж байх үүргийг УИХ-ын дарга З.Энхболд сургалт зөвлөлгөөнд оролцогсдод мөн санууллаа. Тодруулбал, тухайн жилийн наймдугаар сараас хойш төсөвт санал авахгүй учир одооноос төсөвт тусгуулах хөрөнгө оруулалт, иргэдийн саналыг авч ажиллах хэрэгтэйг дурдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )