Энэ сарын 15-ны өдөр Челябинскийн ойролцоо унасан солирын хэсгүүд Чебаркуль нуурын районд олдсон билээ. Судалгаагаар тэднийг дэлхийн гаралтай зүйл биш гэдгийг тогтоосон байна. Харин хамгийн сонирхолтой нь, өнгөрөх зуунд унасан солирын хэлтэрхийнүүд тэр хавьд одоо хүртэл байгаа аж. Мөн энэхүү нуурын дэргэд зэргэлдээ ертөнцөд нэвтрэх үүд нээгддэг газар байдаг гэж хүмүүс ярьж байна...
Гэрчүүдийн ярьж буйгаар, өнгөрсөн зуунд энэ нутагт том солир унажээ. Хамгийн том хэлтэрхийний нэг нь Чебаркуль нууранд унасан гэлцэнэ. Гэвч тухайн үед тэрхүү том хэсэг олдоогүй ба хар өнгөтэй, гөлгөр дугуй 20 ширхэг чулуу олдсон аж.
Дашрамд дурдахад, Челябинскийн ойролцоо Аркаим, Синташта хэмээх эртний хотууд байрлаж байсан бөгөөд домогт тэднийг эртний Сибирь, Уралын оюун санааны төвүүд гэж нэрлэжээ. Хүмүүсийн ярьж буйгаар, эдгээр эртний хотуудын орчим ер бусын эрчим хүч үйлчилдэг гэнэ.
Уулс болон нуурын ойролцоо орон зайн өөр хэмжээст ертөнцөд нэвтэрдэг “шилжилтийн цэг” байдаг аж. Тухайн цэгт очсон хэн нэгэн өнгөрсөн буюу ирээдүй рүүгээ зэргэлдээ ертөнцөд орж болно гэж ер бусын үзэгдлүүд судалдаг эрдэмтэд өгүүлж байна. Ялангуяа Челябинск мужид иймэрхүү газрууд олон байдаг гэнэ.
Жишээ нь, Миасса район дахь Ильменскийн дархан цаазтай газарт хавар “ёроолгүй нүхнүүд” гэж хүмүүсийн нэрлэдэг цоорхойнууд үүсдэг ба диаметр нь ойролцоогоор 15 см, харин гүнийг нь тодорхойлох аргагүй тийм гүнзгий байдаг аж. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд эдгээр цооногуудыг Үл мэдэгдэх нисдэг биет \ҮНБ\-тэй холбож үзэх тохиолдол гардаг юм байна. Магадгүй тэд орон зай-цаг хугацааны хонгилыг төлөөлж буй тул ёроолгүй ч байж мэднэ гэж таамагладаг аж.
Челябинскийн ойролцоох уул нуруунд оршдог Таганай үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ер бусын үзэгдлүүд элбэг тохиолддог гэлцэнэ: ҮНБ нисэлт буулт, харь гаригийнхантай холбоо тогтоох, хий үзэгдлүүд, цаг хугацааны өөрчлөлт гэх мэт. Мөн тухайн бүс нутагт хүмүүст үл мэдэгдэх түгшүүр, айдас төрдөг аж. Тэнд “цасны хүнтэй” таарсан тухай ч яриа гардаг байжээ.
Мөн Саткатай ойролцоо өндөр ууланд оршдог Зюраткуль нуур байдаг бөгөөд тэнд “нисдэг тавгууд” үзэгддэг талаар их яригддаг байж. Тэнд цөөн бус удаа хүмүүс “алга болж” байсан ба цаг хугацаа, сар өдрөөр самуурсан зүйлс гардаг байсан аж.
Челябинск мужийн хойд зүгт Иткуль хэмээх нуур орших ба мөн л “цэвэр бус” гэж тооцогддог юм байна. Нуурын эргээс жаахан зайтай газарт Шайтан-чулуу хэмээх ганц асга хад байдаг бөгөөд тэр орчимд хүмүүс их живдэг гэлцэнэ. Тэдгээрээс амьд үлдсэн заримынх нь яриагаар бол, сэлж байх үед нь үл үзэгдэх оосроор биеийг нь баглачих шиг болсон гэжээ.
Челябинскийн дэргэдэх Моховичка тосгоны дээгүүр зургаан хошуут од мэт хэлбэртэй ҮНБ элбэг үзэгддэг гэнэ. Мөн Нязепетровскийн хажуугийн ойд 2003 оны намар 50-70 м диаметр бүхий нүх үүссэн байна. Түүн дотор баахан чулуу байсан бөгөөд цооногийн орчмын модод булгарч унасан байжээ. Тухайн үед орон нутгийн шинжээчид цооногийн гарал үүслийг тодорхойлж чадаагүй аж.
Серов хотын оршин суугчид агаарт эргэлдэн, хоорондоо мөргөлдөж байсан олон тооны нисдэг тавгуудыг буюу “ҮНБ-ийн тулааныг” харсан гэж ярилцдаг юм байна.
Энэ мэтчилэн, үнэн худал нь мэдэгдэхгүй олон тооны яриа энэ бүс нутагт их гардаг ба саяхан энэ районы оньсого мэт Чебаркуль нууранд солир унасан нь бүр нэрмээс боллоо! Сансрын зочин маань “Чебаркулийн солир” хэмээх каталогийн нэртэй болсон нь ч тодорхой болжээ.
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )