Queen хамтлагийн шүтэн бишрэгчдэд түүний ахлагч Фредди Меркьюригийн нууцыг нээх боломж олдсон бололтой. Тэд дуучныг оршуулсан газрыг оллоо хэмээн мэдэгдсэн ба энэ нь Баруун Лондон дахь Kensal Green оршуулгын газар аж.
The Daily Mirror-т бичсэнээр, уг оршуулгын газарт “Фарух Бульсарын дурсгалд зориулав” гэсэн бичигтэй дурсгалын самбар олсон ба түүн дээр мөн франц хэлээр “Миний хайр чамтай хамт үүрд мөнх байх болно” гэж бичжээ. Түүнээс гадна уг самбар дээр: “1946 оны есдүгээр сарын 5 – 1991 оны арваннэгдүгээр сарын 24” гэсэн бичиг байгаа нь дуучны төрсөн, нас барсан хугацаатай таарч байгаа аж.
Фарух Бульсар гэдэг нь Занзибарт төрсөн Меркьюригийн жинхэнэ нэр бөгөөд тэрээр 1971 онд Queen хамтлагийг байгуулахдаа нэрээ сольсон байна.
Дурсгалын самбар дээр “М” гэсэн гарын үсэг байгаа нь шүтэн бишрэгчдийн үзэж буйгаар, Меркьюритэй олон жил хамт амьдарсан Мэри Остин гэдэг бүсгүйд хамаарна гэжээ. 1991 онд Queen-ын ахлагч 45 настайдаа ДОХ-ын халдвараар нас барсны дараа Остин түүний Гарден Лодж байшинг өвлөж авчээ.
Меркьюригийн цогцсыг чандарлаад Остин хүлээж авсан нь тодорхой бөгөөд тэрээр чандрыг нь хэрхсэн тухай хэзээ ч ярьж байгаагүй аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )