"Rusty" цөлийн хүчирхэг шуурга Австралийн баруун хойд эрэг рүү ойртжээ. Түүний цохилтын гол хүч лхагва гаригийн орой эргийн шугамыг хөндлөн гарах ба одоогоор салхины хурд 130 км\цаг хүрэн ширүүсч байна.
Шуурганд эхлээд таван түвшинт үнэлгээний гурав дахийг өгч байсан бол лхагва гаригийн өглөө гэхэд Rusty эрэг рүү дөхөх хэрээр хүч нь нэмэгдэн, дөрөвдүгээр түвшний шуурга болжээ.Салхийг хүчтэй аадар дагалдах ба ойрын гурав хоногт 600 мм хур тунадас унах магадлалтай байна. “Бид ер бусын их хэмжээний хур тунадас хүлээж байна” гэж австралийн цаг уурын товчооны шинжээч Эндрю Бертон өгүүлсэн байна.
Шуурганы гол цохилтын бүсэд өртөх магадлалтай хамгийн их хүн амтай суурин газар нь 16 мянган хүн оршин суудаг Порт-Хедленд юм. Энэ хотын усан буудлын боомт нь үндэсний эдийн засгийн дэд бүтцийн гол объектуудын нэг бөгөөд австралийн томоохон уулын хүдрийн компаниуд түүгээр дамжуулан төмрийн хүдрээ экспортод гаргадаг юм байна. Дэлхийн хэмжээний энэ төрлийн түүхий эдийн 20% Порт-Хедлендээр дамждаг аж.
Цаг уурчдын урьдчилсан таамгаар, лхагва гаригийн орой гэхэд Порт-Хедлендэд салхины хурд 200 км\цаг хүрнэ гэжээ. Эргийн дагуух суурин газрын оршин суугчдад орон гэрээ орхин, тусгай зориулалтын хоргодох байранд очих “улаан анхааруулга” мягмар гаригт өгөгдсөн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )