Нохой эзнээ нас барснаас хойш өдөр бүр сүмд ирдэг болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

Италид хоёр сарын өмнө нас барсан ганц бие эмэгтэйн үнэнч нохой эзнийг нь сүүлчийн замд үдсэн сүмд өдөр бүр ирдэг болжээ.

Өөрийн талийгаач эзэндээ хичнээн их хайртайгаа илэрхийлэх энэхүү нохойн үйлдлийг Италийн өмнө зүгийн Бриндизи мужийн Сан Доначи суурингийнхан өрөвдөн ажиглаж байна.

12 настай Томми овчарк өөрийн хайрт эзэнтэй нь хамгийн сүүлд салах ёс гүйцэтгэсэн орон нутгийн Санта Мария Ассунта сүмд хоёр сарын турш өдөр алгасалгүй ирж байгаа аж. “Өдөр бүр, сүмийн хонх хамгийн анх цохингуут Томми гүйн ирж, гонхны хажууд байраа эзэлдэг” гэж Донато Панна лам ярьжээ.

Хөршүүд нь Мария гэж дууддаг байсан 57 настай ганц бие эмэгтэй гэртээ дөрвөн нохойн хамт амьдардаг байсан ба тэднийгээ асрахад бүхий л амьдралаа зориулсан аж. Сан Доначи суурингийнхны ярьж буйгаар, Мария бүх нохойндоо их хайртай байсан бөгөөд харин ганцхан Томми л эзнийхээ өдөр тутмын ажилд туслан, байнга хамт явдаг байжээ.

“Эзнийгээ амьд байх үед Томми түүнийг сүм хүртэл дагаж ирэн, гарч иртэл нь гадаа хүлээж байгаад хамт буцдаг байсан.  Түүнийг өмнө нь хэзээ ч сүмийн дотогш оруулж байгаагүй. Харин эзнийхээ оршуулгын өдөр анх удаа өөрөө дотогш орж ирэн, тахилын ширээний хажууд очиж, эзнийхээ шарилын дэргэд суухад хэн ч түүнийг хөөж гаргаж чадаагүй” гэж эцэг ламтан дурсан өгүүлсэн байна.

Марияг оршуулсны маргааш өглөө л гэв гэнэт нохой сүмд хүрч ирснээс хойш тэнд болж өнгөрсөн бүхий л үйл явдалд оролцон, анхааралтай ажиглаж байгаа аж. “Нэгэн удаа бид 12 настай охиныг оршуулсан. Тэгэхэд Томми мөн л урьдын адил дэргэд нь байсан ба охинтой салах ёс гүйцэтгэн авсан дээр нь сарвуугаа хүргэхэд хэн ч дургүйцээгүй” гэж Донато Панна дурсаж байна.

Мариягийн бусад нохдыг нутгийн оршин суугчид гэртээ авцгаасан ба харин өрөвдөлтэй Томмиг л эзэнтэйгээ сүүлчийн удаа хамт байсан газраас нь холдуулж түвдэхгүй байгаа аж. “Тосгоны дурын айл энэхүү нохойг авахдаа их дуртай байх болно, би ч ялгаагүй! Гэвч нохой сүмээс өөр тийш хаашаа ч явахыг хүсэхгүй байна. Энэ бол манай нутгийн Хатико” хэмээн суурингийн захирагч Доменико Серио өгүүлжээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
moo(180.149.95.26) 2013 оны 05 сарын 11

Hoorhii doo muurig bodvol nohoi unench ym da

0  |  0
Top