Долоон үсчин бүсгүй олон саяын хонжвороо булаацалдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 02

АНУ-ын Индиана мужийн нийслэл Индианаполист долоон үсчин бүсгүйн дунд өргөн хүрээтэй шүүхийн маргаан дэгджээ. Зургаан үсчин бүсгүй өөрсдийн хамт ажиллагч нэгнээ сугалааны хожил 9,5 сая долларыг санаатайгаар хулгайлсан хэмээн буруутгаж байгаа аж.

Зөрчилдөөн энэ сарын 16-нд Lou”s Creative Styles салоны үсчин бүсгүйчүүд хамтдаа сугалааны тасалбар худалдаж авахаар шийдсэнээр эхэлсэн байна. Энэхүү хариуцлагатай үүргийг тэд хамт ажиллагч Кристина Шоуд даалгажээ. Гэвч бүсгүй тухайн үед хоёр тасалбар худалдан авсан аж: нэгийг нь найзууддаа, нөгөөг нь өөртөө. Гэтэл хоёр тасалбарын нэгэнд аз дайран, ийнхүү маргаан үүсэх шалтгаан болжээ.

Кристина найзууддаа хандан “Бид сугалаанд хожсонгүй, харин надад аз таарлаа” хэмээн хэлэхэд нь бүсгүйчүүд ихэд гайхсан байна. Тэд өмнө нь “ямар ч тохиолдолд хонжвороо хуваана, ганцаарчилсан тоглолт хэн ч хийхгүй” гэж  тохиролцсон байсан аж.

Ингээд бүсгүйчүүд хоорондоо хэл амаа ололцон, зохицож чадаагүй учраас эцэст нь шүүхэд хандахад хүрчээ. Сугалааг зохион байгуулагчдын зүгээс уг хэрэг явдлын учир олдтол жекпотын хонжворыг олгохгүй хүлээх эсэх талаар шүүх гуравдугаар сарын 1-ний өдөр шийдэх аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top