“Мисс Россия-2013” тэмцээний ялагч Эльмира Абдразакова “ВКонтакте” олон нийтийн сүлжээнд байсан хуудсаа устгажээ. Тэмцээнд ялсны дараахан асар хурдтай өссөн алдар хүнд нь түүнийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн аж.
18 настай оюутан бүсгүй тэмцээний дараа гэртээ буцаж ирээд, өөрийн хуудас руугаа ортол шооконд ормоор олон мэдээлэл ирсэн байжээ. Тэдний дотор асар их гутаан доромжлох маягийн сөрөг мэдээллүүд байсан аж.
“Баяр хүргэсэн эерэг мэдээллүүдийн хажуугаар сөрөг зүйлс ч байсан нь надад эвгүй санагдаагүй. Учир нь, ямар ч тохиолдолд иймэрхүү зүйлстэй тулгарахгүй байх аргагүй учраас. Үнэн хэрэгтээ энэ бүхнээс би тэр ч бүү хэл таашаал авсан ч гэж болохоор. Яагаад гэвэл, муу зүйл бичиж байгаа хүмүүс ч гэсэн намайг анхаарч, миний талаар бодож байна гэсэн үг” хэмээн Эльмира Новосибирскт болсон хэвлэлийн хурал дээр өгүүлжээ. Гэвч тэрээр өөрийн хуудсаа тэртэй тэргүй хаасан талаар мэдээлсэн байна.
Түүнээс гадна, Эльмира найз хөвгүүнтэй бөгөөд 12 настайгаасаа л танил, нэг нутгийнхан аж. “Бид маш бат бөх харьцаатай. Би түүнд итгэдэг, тэр ч надад итгэдэг” гэж тэрээр ярьжээ.
Эльмира одоогоор Сибирийн зам харилцааны улсын их сургуулийн дэлхийн эдийн засгийн факультетийн нэгдүгээр курсийн оюутан бөгөөд тусгайлсан мэргэжил нь “хямралын эсрэг удирдлага” аж.
Дашрамд дурдахад, “Мисс Россия-2013” тэмцээний төгсгөлийн шат гуравдугаар сарын 2-нд "Барвиха Luxury Village" концертын танхимд болсон ба хамгийн сайхан бүсгүйн титмийн төлөө Оросын өнцөг булан бүрээс ирсэн 50 бүсгүй хүч үзэн, гоо сайхны хатан хааны титмийг Междуреченск хотын оршин суугч, 13 дугаартай оролцогч Эльмира Абдразакова хүртсэн билээ. Ялагчийн шагналд тэрээр сая гаруй долларын өртөг бүхий үнэт эрдэнэс, алмаазаар чимэглэсэн цагаан алтан титэм, 100 мянган доллар, автомашин, мөн “Дэлхийн Мисс”-д улсаа төлөөлөх эрх авсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )