Уго Чавес бол ”ясны” тэмцэгч-удирдагч байлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Мягмар гаригт Венесуэлийн үндэсний бүх телевизүүдээр тус улсын ерөнхийлөгч Уго Чавес 59 насандаа таалал төгссөн тухай дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдээллээ.

Өмнөхөн нь ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдал муудлаа гэж Венесуэлийн мэдээлэл- харилцааны сайд Эрнесто Вильегас шууд нэвтрүүлэгт мэдээлж байсан билээ. Боливарийн хувьсгалын удирдагчийг эмчилж байсан эмч нар түүнийг амьсгалын хурц дутагдалд ороод байна гэж оношилж байсан аж.

Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Диего Молеро телевизээр хандан мэдээлэл хийхдээ Уго Чавесын нас барсан эмгэнэлт мэдээний дараа тус орны бүх иргэдийн аюулгүй байдлын талаар хувьсгалт хүчнийхэн онцгойлон анхаарна гэжээ. Тэрээр бүх иргэдээ энэхүү хүнд мөчид эв нэгдэлтэй байхыг уриалсан байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс Венесуэлийн алдарт удирдагчийн нас барсантай холбогдуулан эмгэнэл илэрхийлсээр байна... 

Гаднаас нь харахад их энгийн санагддаг, энэхүү боргил эр тухайн бүс нутагтаа төдийгүй, дэлхийд данстай гэж болохоор тэмцэгч-удирдагч. Тэрээр амар хялбар замаар энэхүү өндөр албан тушаалд очсонгүй. Түүний амьдралын замнал тэр чигээрээ тэмцэл, тэр хэрээр түүний нэр хүнд, нөлөөлөл агуу гэж болохоор.

Уго Рафаэль Чавес Фриас 1954 оны долоодугаар сарын 28-нд Венесуэлийн баруун зүгийн Баринас мужийн Сабанета хотод мэндэлжээ. Түүний ээжийн талын өвөг дээдэс иргэний дайн, дарангуйлагчдын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцон алдаршиж байсан аж. Тэдний цусан дахь тэмцэгч дайчин ген Чавест өвлөгдөн ирсэн бололтой. Ээж нь хүүгээ лам болгохыг хүсдэг байсан бол Чавес хүү мэргэжлийн бэйсболчин болохыг мөрөөддөг байжээ. Саяхан хүртэл энэ хүсэл нь хадгалагдсан хэвээр байжээ. Тэрээр багадаа их хөөрхөн зурчихдаг, 12 настайдаа бүсийн үзэсгэлэнгээс шагнал хүртэж байлаа. 1975 онд Венесуэлийн цэргийн академийг бага дэслэгч цолтой төгссөн байна. Мөн Каракасын Симон Боливарын нэрэмжит Их сургуульд сурч байжээ. Чавес агаарын десантын ангид алба хааж байсан ба десантчны улаан берет малгай түүний амьдралын салшгүй нэг хэсэг болсныг та бид сайн мэдэж байгаа.  

1982 онд тэрээр хамт алба хаагсадтай нийлж, бага дунд тушаалын офицеруудын нэгэн нууц байгууллагыг үүсгэсэн байна. Хожим энэ байгууллага Боливарын хувьсгалт хөдөлгөөн болж өргөжсөн аж.

Улс орны эрх баригчдын явуулж буй дарангуйлагч бодлогод дургүйцсэн ард олны уур амьсгал ширүүсэн оргил үедээ хүрч байсан 1992 оны хоёрдугаар сарын 4-нд дэд хурандаа Уго Чавес хувьсгалт хөдөлгөөнийг удирдан төрийн эргэлт хийх гээд бүтэлгүйтсэн билээ. Цуст мөргөлдөөний уршгаар 17 цэрэг амь үрэгдэн, 50 орчим офицер шархдан, 4-ний үд дунд гэхэд Уго Чавес тэмцэгчдийг зэвсгээ хаяхыг уриалан, эрх баригчдад бууж өгөн, өөрөө бүх хариуцлагыг үүрсэн байна. Тэрээр олон хүний амь эрсэдсэн, цуст тулааныг хүссэнгүй. Ингээд Чавес өөрийн нөхдийн хамт шоронд оржээ.

Хоёр жил хоригдоод 1994 онд ерөнхийлөгч асан Рафаэль Калдерийн өршөөлөөр суллагдсан байна. Тэр даруйдаа нэгэн хувьсгалт хөдөлгөөнийг зохион байгуулан, Кубад очиж, Гаванын их сургууль дээр өөрийн үзэл бодлоо зарлаж байсан аж. 2004 онд түүнийг хүний эрхийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг үнэлэн Муамар Каддафийн нэрэмжит шагналаар урамшуулж байжээ. Мөн Саддам Хусейнтэй хамгийн анх биечлэн уулзсан гадаадын төрийн тэргүүнээр тодорч байв.

Уго Чавес 1998 оны ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 55% санал авч сонгогдсон байна. 2000 онд шинэ үндсэн хууль гарсны дараа тус оронд ерөнхийлөгч болон парламентын шинэ сонгууль явагдахад мөн 60% санал авч сонгогджээ.

2001 оноос Чавесийг эсэргүүцэгч талынхны тэмцэл хурцдан, 2002 оны дөрөвдүгээр сард Каракасын мэр А.Пено, мөн Э. Васкесийн удирдсан хуурай замын цэргүүд төрийн эргэлт хийн, Чавесийг унагахыг оролджээ. Тэд түүнийг баривчлан, нэгэн арал руу аваачиж, телевизээр түүнийг бууж өгсөн мэтээр худал мэдээлэл дамжуулсан байна. Гэвч армийн болон ард түмний ихэнх нь Уго Чавесийн талд байсан бөгөөд тэдний шаргуу тэмцэл, шаардлагын дүнд эсрэг талынхан аргагүйдэн бууж өгч, хоёр хоногийн дараа Чавесийг буцаан ордонд нь залсан аж.

Энэ мэтчилэн түүний амьдралын замналыг дурдаад байвал бараг бүтэн ном болохоор тул ингэсгээд өндөрлөн, Венесуэлийн ард түмний сайн сайхны төлөө тууштай тэмцэгч асан түүнийг тэнгэрийн оронд тайван залран, хайрт улс үндэстнээ өнө мөнхөд тольдон ивээж байхыг хүсэн залбирнам...

Д.Мягмарсүрэн  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top