Залуу удирдагч Америкийн эсрэг..

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 09

Хойд Солонгос гурав дахь удаагаа цөмийн туршилт хийсний араас тэдний дураараа зангийн хариуд Америк, Япон хоёр хамтран хориг тавихаар яригдаж байсан бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хоригоо чангатгах арга хэмжээг аваад байна. Харин НҮБ-ын энэхүү алхмыг БНХАУ дэмжсэн байр суурь илэрхийлээд байгаа. Тэгвэл  БНАСАУ  нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг хэрэгсэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн мэдэгдэл гаргаад байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Хойд Солонгос энэхүү ээлжит хоригийг АНУ-ын зүгээс өөрийг нь онилоод байгаатай холбон ойлгож буй бөгөөд ингэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг ашиглаж байна гэж үзэж байгаагаа мэдэгдэлдээ тодотгожээ. Түүнчлэн тус улс ямар ч хоригийг үл хэрэгсэн цөмийн зэвсгийг дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсээ үргэлжлүүлэх зорилготой байгаагаа ч дурджээ.

Ер нь бол өмнөдийн Ерөнхийлөгч хатагтай Пак Кын Хег тангарагаа өргөж байх үед нутгийнхаа зүүн хойд хэсэг дэх  полигонд газар доорх туршилтанд бэлтгэж байсан гэх Хойд Солонгосын удирдлагууд өмнөдийнхөндөө бус харин Америкчуудад хүчээ харуулах зорилготой гэдэг нь нэгэнтээ ил болсон зүйл. Уг нь Америкийн Нэгдсэн Улсын том бодлого дарамт болж ирээгүй  бол хоёр Солонгосын ойлголцол хэдийнээ шулуудчихсан байх байсан гэдгийг үгүйсгэх аргагүй.

Гэвч тэдний санаснаар нийлж, нягтрах боломж гараагүй. Хэдийгээр  Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун  гарч ирснийхээ дараа гадаад харилцааны тал дээр эв найртай бодлогыг эрхэмлэх хандлагыг мэдрүүлж байсан ч, тэд ямар ч байсан хилэгнэсэн. Тэгээд шинжээчдийн таамаглаж байсанчлан цөмийн туршилтаа хийсэн. Харин нөгөө талд өмнөдийн Ерөнхийлөгч хатагтай Пак Кын Хе суудалдаа суух ёслолын үеэрээ БНАСАУ-ын  цөмийн туршилтыг буруушааж байгаагаа илэрхийлсэн ч, Сөүл, Пхеньянтай энхийн яриа хэлцлийг эхлүүлэхэд бэлэн байгааг цохон тэмдэглэсэн юм.

Тэгэхээр өмнөд болоод умардынханд бүрэн нийлж, нягтардаггүй юмаа гэхэд эв найртай зэрэгцэн орших, нэг л үндэстнүүд учраас хэн хэнийхээ цусыг үзэхгүй байх дотоод бодол бий биз ээ.

Ямартаа л хатагтай Пак Кын Хе тангарагаа өргөснийхөө дараахан нь буюу маргааш нь ОХУ-ын Алс Дорнодын холбооны тойрогт суугаа бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаевтай уулзаж БНАСАУ-ын цөмийн туршилттай холбоотой асуудлаар санал солилцсон юм. Хандлага нь бол Солонгосын хойгт үүсээд байгаа хурцадмал байдлыг намжаахад  Оросын Холбооны Улсыг тусална гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байгаа юм. Тэрээр БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилготой 6 талт хэлэлцээрт ОХУ оролцсоноор талууд илүү ойлголцолд хүрнэ гэж үзэж байгаа аж. Тэгэхээр өмнөдийн хувьд энхийн маягаар тохиролцох санаа байвч, Хойд Солонгосын удирдлагууд Америкийн Нэгдсэн Улсын зүгээс гарч байгаа шийдвэр болоод хандлагууд бүрийн өөдөөс сөрдөг, гэдийдэг зөрүүд зантай аж.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top