6-7 их наяд төгрөгөөс хүртэх эрхгүй Монголчууд

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр 1996 оныг давтах санаархал уу? Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол өнгөрсөн амралтын өдрүүдэд батлагдлаа.

Гоёчилсон өнгөлөн далдалсан хувилбар нь: “Эрдэнэс МГЛ” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан.

Одоогоор тус компани “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК гэсэн охин компаниудтайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна Шивээ-Овоогийн нүүрсний ордын 4293 га талбайг хамарсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. Засгийн газрын хуралдаанаар тус компанид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монголын талын хувь, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг түшэглүүлэн хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг “Эрдэнэс МГЛ” ХХК-д хариуцуулан хэрэгжүүлэх юм.

Үүнээс гадна Цагаан суваргын зэс, молибден, Төмөртэйн овооны цайр, хар тугалга, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алт, Бүрэнхааны фосфоритын орд тус бүрийн үнэлгээ, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг судлан, зарим ордын тогтвортой байдлын гэрээг дүгнэж, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэжээ.

Харин амьдрал дээрх бараан хувилбар нь: Засгийн газрын хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг Эрдэнэс МGL компанид нэгтгэх шийдвэр гарсан. Тухайлбал төрийн өмчийн 51 хувьтай Эрдэнэт компани, төрийн өмчийн 75 хувьтай Багануур ХК, төрийн өмчийн 85 хувьтай Шивээ-Овоо компаниудыг нийлүүлэхээр зарласан. Эрдэнэс МGL компанийн үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй биш, учир битүүлэг байдлаар сэжиг төрүүлэхээр хаалттай ажилладаг. Энэ нь цаанаа олон нийтийн хардлага сэрдлэгийг ямагт төрүүлсээр ирсэн.

Мөн Засгийн газрын шийдвэрүүд дотор эдгээр компаниудыг хувьчлах, төрийн эзэмшлийн компаниудыг дахиад хувьд шилжүүлэх тухай яригдаж эхэллээ. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д зааснаар Стратегийн ач холбогдол бүхий ордыг улс төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно гээд заасан байгаа.

Энэ дагуу 2006 онд Сүхбаатар аймгийн Төмөртийн Цайрын ордыг төрийн эзэмшлийн 51 хувийг төр эзэмших ёстой. Сэлэнгэ аймгийн Дархан-Уул аймгийн ойролцоо оршдог Болд Төмөр Ерөө хэмээх төрийн өмчийн компани байгаа. Бас 51 хувийг төр эзэмших ёстой. Тавантолгойг мөн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн тул 51 хувийг төр эзэмших ёстой. Энержи ресурс, Том Тавантолгой, жижиг Тавантолгой бүгд адилхан. Төр 51 хувийг эзэмших учиртай. Нарийн сухайтын орд 100 хувь хувьд байж байгаа.

Үүнийг бас л улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн учраас МАК, Соус Гоби Сэндс компаний 51 хувийг төр эзэмших ёстой. Төрийн эзэмшлийг тогтоогоогүйгээс болоод эдгээр компаниудыг экспортод зарж, бүтээгдхүүн гаргаж олсон олсон ашгаас ямар ч ашиг Монголын ард түмэнд ноогдохгүй байгаа. Үүнийг ярихгүй мөртөө тэртэй тэргүй төрд байгаа компаниудыг хувьчлах тухай ярьж байна.

Энэ түгшүүрт мэдээ нөгөө их хувьчал нэрээр 100 хүнийг баяжуулж, 1000 хүнийг ажилгүй болгосон төрийн өмчийг өөрсдөдөө үнэгүй хувааж авсан гунигт түүх давтагдах нь ээ, та минь ээ. Хэнгэрэгээ дэлд. Хэтдээ монголчдууд хоосрох үүд нээгдэхийг ёрлоод байна, энэ Шинэчлэл гэсэн гоё нэртэй Засгийн газар. Яаралтай манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ард иргэд, улс төрийн намууд анхааралдаа авахгүй бол Эрдэнэт, Шивээ-Овоо, Эрдэнэтийг маань хувьчлах тухай яриад эхэллээ. Хэрвээ Бага-нуур, Шивээ-Овоог хувьчилчихвал үнээ шууд өсгөж, Улаанбаатарын 2,3, 4 дүгээр цахилгаан станцын нүүрсний үнэ асар өсөж, нийслэлийнхний нуруун дээр хүнд ачаа ирэхээр үл барам Засгийн газар ч үнийг барьж чадахгүйд хүрч үүнээс гарсан үр дагавар тооцоолоход бэр болно. Үнэ өснө, инфляци хөөрөгдөнө. Төрийн өмчөөр нь байлгах ёстойг хатуу сануулах хэрэгтэй. Зүй нь Төрийн өмчийн хороог улам идэвхтэй ажиллуулах ёстой.

Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, Төрийн өмчийн хороонд шилжүүлэх ёстой МАК, Соус Гоби Сэндс, Энержи ресурс, Цайрт Минерал, Болд төмөр ерөөг бүгдийг улсад шилжүүлэх ёстой. Үүний цаана том эрх ашиг улс төр бизнесийн сүлжээ бий. Нэг жилд гэхэд зөвхөн нүүрс л гэхэд 4 тэртум ам.долларын нүүрс гарч байна. Түүнийг Монгол төгрөгт шилжүүлбэл 6-7 их наяд төгрөг болж байна. Гэтэл үүнээс нэг ч төгрөг ард түмэнд хүртэхгүй байна. Тоостой замд торойгоод л үлдэж байна, монголчууд. Энэ чинь шударга явдал мөн үү? Тэгвэл Багануур, Шивээ-Овоогоос бид ашиг хүртэж байгаа. Эрдэнэтээс ашиг хүртэж байгаа. Ашиг хүртэж байгаагаа алга болгож, ашиг өгөхгүй байгаагаа үлдээх гээд байгааг ойлгохгүй байна. Ойлгож байгаа хүмүүс байвал хэлээд өгөөч, таминь ээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
э(182.160.44.245) 2013 оны 04 сарын 04

Тэр их мөнгөнөөс чинь хувь хүртмээр байна ш дээ

0  |  0
mgl(122.201.18.24) 2013 оны 03 сарын 21

tur huwia awch san baiguulj vildwer barij zam tawih ajilaa hiimeer yum tvvnees ard irgeded taraaw** 80% ni ereenii baraa bolno

0  |  0
Top