ӨГЛӨӨНИЙ СОНИН I Монголд өрнөсөн онцлох есөн үйл явдал

2024 оны 12 сарын 31

 

1. ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ БА 126 ГИШҮҮНТЭЙ ПАРЛАМЕНТ

 

Бүсчилж томсгосон тойрог, намын жагсаалт хослуулсан холимог тогтолцоогоор, анх удаа 126 гишүүнтэй бүрдсэн УИХ-ын гишүүд 2024 оны долоодугаар сарын 2-ны өдөр тангараг өргөж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг 90 гаруй хувийн саналаар сонгосноор УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан шинэхэн парламентын цаг тоолол эхлэв. УИХ-ын чуулганы танхимыг “Их Хуралдай” хэмээн нэрийдэх болсон.УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 эрхэм УИХ-ын босгоор алхав. Энэ удаагийн парламент  МАН, АН, ХҮН, “Үндэсний эвсэл”, ИЗНН гэсэн таван субъектээс  бүрдсэн бөгөөд 42 бие даагчаас нэг нь ч сонгогдоогүй.

УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор 19 нам, хоёр эвсэл, нийт 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн түүхэнд хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч оролцсон сонгууль юм. Нийт 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт 927, жагсаалтаар 372, бие дааж 42 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд нийт нэр дэвшигчдийн 61.3 хувь буюу 821 нь эрэгтэй, 520 буюу 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байв. Сонгуулийн дүнгээр МАН-аас  тойрогт 50, намын жагсаалтаар 18 нийт 68, АН-аас тойрогт 26, намын жагсаалтаар 16 нийт 42, ХҮН намаас тойрогт хоёр, намын жагсаалтаар зургаа нийт найм, Үндэсний эвслийн жагсаалтаар дөрөв, ИЗНН-аас жагсаалтаар дөрвөн нэр дэвшигч тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

 

 

Сонгогдсон гишүүдийн 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын парламентын түүхэн дээд үзүүлэлт төдийгүй Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн 187 орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтийг хангасан.Шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27, хамгийн ахмад нь 73 настай. Мэргэжил боловсролын байдлаар инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогдсон. МАН, АН аль алинаас нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл жагсаалтаар орж ирсэн.Мөн  ИЗНН-ын жагсаалтаар сонгогдсон С.Замира байнгын ажиллагаатай парламентын түүхэнд анх удаа казах эмэгтэйчүүдийн төлөөлөл болон орж ирэв. Өмнө нь Баян-Өлгий аймгийг төлөөлж үндэсний цөөнхөөс ямагт гурван гишүүн сонгогдож байсан бол энэ удаа тус аймгаас сонгогдсон гурван гишүүн дээр МАН-ын жагсаалтаар С.Зулпхар, ИЗНН-ын жагсаалтаар С.Замира нар сонгогдож, таван төлөөлөлтэй болов.

 

2. ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР: “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” ХӨТӨЛБӨР

 

Монгол Улсын Их Хурлын ес дэх бүрэн эрхийн  Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр болж, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан юм. Түүнчлэн  Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулсан юм. Шинэ Засгийн газрыг Хамтарсан Засгийн газар хэмээн нэрлэх болсон. Тэд  бодлого, үйл ажиллагааны  хөтөлбөрөө “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хэмээн нэрлэж, гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон, олон нийтийн саналыг хамгийн их авсан, тодруулбал МАН-аас дэвшүүлсэн авлигын эсрэг тэмцэл, улс орноо хөгжүүлэх бүсчилсэн эдийн засгийн бодлого,  ХҮН-аас дэвшүүлсэн хүний хөгжлийн бодлого, АН-аас дэвшүүлсэн хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогыг багтаасан. МАН сонгуулийн үр дүнгээр дангаараа засаг байгуулах боломж бүрдсэн ч бусад намтай хамтрах болсон үндэслэлийг  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ  “Монгол Улс парламентын ардчилсан тогтолцоотой болсноос хойш 30 гаруй жил өнгөрч байна. Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн өнгөрсөн 30 жилийн алдаа оноог засахын тулд шинэ 30 жилийг эхлүүлж байна. Үүнтэй холбоотой “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг, улс төрийн намын удирдлагууд болон нийгмээрээ хэлэлцэж баталсан. Хөгжлийн бодлого төлөвлөлт 1990 оноос хойш тогтворгүй байлаа. Мөн эхлүүлсэн олон ажил дуусахгүй дундаасаа зогсдог байсан. Энэ мэтээр маш тогтворгүй явж ирлээ. Парламентыг дарга нарын байгууллага гэж хардаг болсон. Олон иргэдийн төлөөлөл орж чадахгүй, үе солигдож чадахгүй байсаар ирсэн. Парламент ард түмний төлөөлөл байх ёстой. Энэ агуулгаар парламентад суудалтай улс төрийн намууд хамтарч эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Үндсэн хуулиар хувь тэнцүүлсэн тогтоолцоог бий болгосон нь иргэдийн санал гээгдэхгүй, нийгэм илүү оролцоотой болж байгаа юм. Цаашдаа эвслийн Засгийн газрын тогтолцоогоор явах боломж бүрдэж байна. Мөн бие биеэ хянах боломжтой болно" гэсэн юм.

 

 

3. УЛСЫН ТӨСӨВ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ

 

Монгол Улсын Их Хурал түүхэндээ анх удаа улсын төсвийг хоёр удаа хэлэлцэж баталлаа. Энэ нь 126 гишүүнтэй том парламентын хэлэлцэж баталсан анхны төсөв гэдгээрээ онцлог байлаа. Гишүүдийн олонх нь төсвийн талаарх мэдлэг сул, Дэгийн тухай хуулиа сайтар уншиж  судлаагүй, Ажлын хэсгийн хуралдаанд ирэхгүй. Хэд хэдэн ажлын хэсэг хуралдаж чадахгүй хойшилж байсан зэрэг нөхцөл байдал сөргөөр нөлөөлж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс анх удаа улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан юм. Төсөвт тавьсан хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар мэдээлэл өгөхдөө “2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа” гэж мэдэгдсэн.

Эдийн засагчид болон олон нийтийн зүгээс 2025 оны төсвийг  баталсан үйл явцын тухайд хууль тогтоох дээд байгууллага ирэх оны улсын төсвийг баталсан атлаа сар хүрэхгүйн хугацаанд эргээд тодотгол хийх тогтоол гаргасан нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн, энэ нь хориг тавиулах  үндсэн нөхцөл болсон.Түүнчлэн  улсын төсөв батлах нь  цаг хугацааны хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Шанхайн уулзалтад оролцож байх үетэй давхацсан. Намын дарга, Ерөнхий сайдыгаа эзгүйчлэн улс төр хийж “попрох” гэсэн, улс төрийн хор найруулах гэсэн эдийн засгийн бүлэглэлүүдийн явуулга ч Д.Энхтүвшин гэх мэт гишүүдйн үг, үйлдлээр илэрч байгааг зарим хүн хэлж  байв.

Эцэст нь Засгийн газар төсвөө дахин боловсруулж, алдагдалгүй төсөв өргөн мэдүүлснийг парламентаар арав хоногийн турш тасралтгүй хэлэлцэж, 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд  баталсан. Эцэст нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн суурь тэнцэл ДНБ-ийн 3.3 хувийн ашигтай байхаар батлав. Төсвийн хууль батлагдсанаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэврийг тус бүр зургаан  хувиар нэмэхээр  болсон юм.

 

 

4. БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО: 14 МЕГА ТӨСӨЛ

 

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Ингэснээр  хот суурин болон хөдөө нутгийн ялгаатай байдлыг засах, ард иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх, улсын хөгжлийг түргэсгэхэд чиглэсэн бодлого баримтлах жил хэмээн тодорхойлсон юм. Энэ үүднээс анх удаа улсын төсвийг нэгдсэн байдлаар хийж, том бүтээн байгуулалтуудыг улс орны  хэмжээнд эрэмбэлэв. Өмнө нь УИХ-ын 76 гишүүн тойрогтоо мөнгө төсөвлүүлж, түүнийгээ эмнэлэг, сургуулийн барилгын хууларсан дээврийг засаж, хагарсан цонхыг битүүлэх гэх мэтэд зарцуулдаг. Ихэнхдээ тойргоо “услах”-д зориулдаг  байсан нь нууц биш. Тэгвэл бүсчилсэн тойргоор сонгууль явуулж, Засгийн газар 2024-2028 оныг тэргүүлэх чиглэлдээ бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлсон. Мөн өнгөрсөн 30 жилийн алдаа завхарлыг засах, улс орноо хөгжүүлэх  мега төслүүдийг эрэмбэлж дэвшүүлсэн. Ингэснээр ирэх дөрвөн жилийн хугацаанд дараах 14 мега төслийн ард нь гарахаар зорьж байгаа юм. Үүнд:

1. “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл

2. Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл

3. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл

4. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл

5. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл

6. Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл

7. Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл

8. Монгол, Францын хамтарсан Ураны төсөл

9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл

10. Зэс боловсруулах цогцолборын төсөл

11.  Гангийн цогцолборын төсөл

12. Газрын тос боловсруулах цогцолборын төсөл

13. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл

14.  Үндэсний хиймэл дагуулын төсөл орж багтжээ.

 

5. ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОДНЫ БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМ, ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ХЭЛЭЛЦЭЭГ  ЭЦЭСЛЭВ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн  албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Шанхай хотноо албан ёсны уулзалт хийж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилт, олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар БНХАУ хоорондын хэлэлцээрийг  баталгаажуулав.

Эрдэнэбүрэнгийн УЦС нь  1964 оноос урьдчилсан судалгаа нь эхэлсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2019 онд БНХАУ-тай хийх зээлийн хэлэлцээрийн хүрээнд энэ төслийг санхүүжүүлэхээр тусгасан. Гэвч  орон нутгийн иргэдийн санал болон байгаль орчны үнэлгээтэй холбоотой олон асуудал гарч улс төрийн гацаа үүсээд байсан. Тэгвэл уг төсөл баталгаажсанаар хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэг болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээр эцсийн байдлаар батлагдав. Нөгөөтэйгүүр, 16 жил яригдаж, хүлээлт үүсгээд байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудал Шанхайн уулзалтаар шийдэгдэв. Түүх сөхвөл, Тавантолгойн ордыг ашиглах тухай хоёр улсын Засгийн газар дундын нэг ч зуучлалгүйгээр  тэртээ  2003 онд гэрээ хийх гэж байсан түүхтэй. Гэтэл дунд нь манай улс төр, бизнесийн бүлэглэлүүд чихцэлдэж ороод бужигнуулчихсан.

Үр дүнд нь төмөр замын төсөл 16 жилээр гацсан байдаг. Энэ нь Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын төсөл Монголын төрд шургалсан, төрөөс авах идэхийн дон шүгэлсэн нэг бус улстөрчийн арааны шүлсийг асгаруулж ирсэнтэй холбоотой юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Шанхайн уулзалтад очиж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын гэрээг үзэглэсэн. Ингэхдээ дундын зуучлагчгүйгээр хоёр улсын Eрөнхий сайд уулзаад шууд гэрээ хийчихсэн анхны бөгөөд түүхэн тохиолдол болов. Өмнө нь Ж.Оджаргал, “Сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан  М.Энхболд  гэх мэт томчуудын мэдлийн зуучлагч нар том төслүүд дээр  ажиллаж ирсэн байдаг. Монголын төр тэднээр дамжуулан  Эрдэнэс Тавантолгой, төмөр зам, нүүрс тээвэр зэрэг том гэрээнүүдийг хийдэг жишиг тогтоод удсан. Дундын зуучгүйгээр, өөрөөр хэлбэл зуучлагч нарт нэмэгдэл төлбөр төлөхгүйгээр  шууд гэрээ хийсэн явдал нь Монголын хамаг удирдлагыг гартаа оруулах хүсэлтэй, тийм ч байж ирсэн МCS групп, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зэрэг олон хүний уурыг хүргэсэн байх магадлалтай.

 

 

6. В.ПУТИНЫ АЙЛЧЛАЛ БА ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН ЗАРЛАН 

 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Халх голын хамтын ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан  2024  оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчилсан. Гэтэл Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүн аравдугаар сард энэ асуудлаар мэдэгдэл хийхдээ "Оролцогч улсууд болон хувь хүмүүс албан тушаал, харьяалал харгалзахгүйгээр Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалын дагуу хүмүүсийг баривчлах, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Монгол Улс Шүүхтэй хамтран ажиллахгүй байгаа ноцтой байдлыг харгалзан үзэж, энэ асуудлыг оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлэх шаардлагатай" гэж үзсэн.

Тэгвэл манай улс тус шийдвэрийг давж заалдах хүсэлтээ гаргаж, Олон улсын эрүүгийн шүүхийн хоёр шүүгчийн эрхийг хасах хүсэлт гаргаад  байсан.  Гэтэл Гаагийн шүүх Монгол Улсын давж заалдах гомдлыг хүлээж авахгүй гэж мэдэгдсэн тухай Азербайжаны "News.az" хэвлэлд саяхан мэдээлэв. Учир нь энэ гомдол нь хэргийн үндэслэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар гаргасан албан ёсны шүүхийн шийдвэртэй холбоогүй тул давж заалдах боломжгүй гэж үзсэн гэв. Цаашилбал, энэ нь шүүхтэй хамтран ажиллах үүрэгтэй холбоотой нийцлийн үнэлгээ байсан гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол Улсыг шийтгэх тухай биш харин шүүхтэй хамтран ажиллах эсэх тухай асуудал байсан гэсэн үг хэмээн тэд дурджээ. Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард Ромын дүрэмд нэгдэн орсон 124 улсын хувьд В.Путиныг хүрэлцэн ирэхэд нь баривчлах үүрэг хүлээсэн. Хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүх дүгнэлт гаргаж, оролцогч улсуудын Ассамблейд мэдээлэх  болно гэж мэдэгдсэн юм.

 

 

7. ЗУД ЗУРГААН САР хүртэл ҮРГЭЛЖЛЭВ 

 

Tуулай жилийн өвөл их цастай байлаа. “Өвлийн хүйтэн хавартаа” гэгчээр бүтэн улирал дамнан үргэлжилсэн их цас, шуурганд малчид боогдож, нийт нутгийн дийлэнх хэсэг зудтай байсан. Монгол Улс байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж, зүйрлүүлж хэлбэл, Цунами, Катрина зэрэг далайн хар салхи шиг Төв Азийн эх газарт хэдэн жилдээ нэг тохиодог байгалийн гамшигт малчид өвдөг сөхрөв. Даваа гүвээнүүд  цасанд боогдон зам харгуй хаагдаж, төв суурин газраас харилцаа холбоо тасарсны улмаас малчид сар бүр татдаг хүнсээ авч чадахгүйд хүрч, намар татсан өвс тэжээл, өвөлжөөнд хураасан аргал түлээгээ бараг л  намраар барчихсан. “Цагаан сарын дараа хэрэглэнэ”  хэмээн хаваржаандаа зэхсэн хомоол түлш, өвс тэжээлдээ ч хүрч чадахгүй хүн малгүй зутарч улдан сэтгэл санаагаар унаж гуньж  гутарч  байлаа.

 Зарим  нь банкны өр зээлээ бодон сэтгэлээр унаж амиа ч хорлосон удаа ч гарсан. Энэ бүхнийг харгалзан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ малчдад туслах аяныг  орон даяар өрнүүлэх уриалга гаргасныг бүх нийтээрээ дэмжсэн. Нутгийн зөвлөлүүд, үндэсний хэмжээний томоохон компаниуд, аж ахуйн нэгжүүд, уул уурхайнхан, зэвсэгт хүчнийхэн машин техник, хүн хүч, өвс тэжээл, нэмнээ бээлий, лаа чүдэнз зэргээр бүхий л чадлаараа тусламж дэмжлэг үзүүлсэн нь нүдээ олсон юм. Үүний дараа тавдугаар сард малчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж мал аж ахуй эрхлэгч, хоршоологчдод хөнгөлөлттэй зээл олгосон нь томоохон  дэмжлэг болсон билээ.

 

 

8.ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ

 

2024 оны эхний хагаст эдийн засаг болон иргэд, аж ахуйн нэгжийн орлого тогтворжвол цахилгаан, дулааны үнэ нэмэх талаар ярьж таарна. Энэ жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр эрчим хүчний системийн байгууллагуудад 200 орчим тэрбум төгрөгийн алдагдал гарч байна. Гарцаагүй нэмэхээс өөр аргагүй гэсэн байр суурийг Эрчим хүчний яамны зүгээс 2023 оноос эхлэн тавьж байв. 2024 оны арваннэгдүгээр сараас эхлэн ДЦС-ууд ачааллаа даахгүй, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг аргацааж ирснээс дэлбэрэхэд тулсан, байнгын алдагдалтай ажиллаж ирсэн,  ажилчдын цалин бага гэх мэт асуудлууд яригдсан. Эрчим хүчний салбарт шинэчлэл хийхгүйгээр цааш явах боломжгүй болсныг нийгэм шат шатандаа ойлгож байгаа ч иргэд үнэ нэмэхийг эсэргүүцэж байв. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас  Засгийн газрын хуралдаанаар хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-наас нэмэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ цахилгааны дундаж тариф нэг кВт.ц тутамд 216 төгрөг байсныг 280 төгрөг болгов.  Цахилгааны тарифын шинэчлэлийн хүрээнд өрхүүд эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэхийн зэрэгцээ өрхөд очих төлбөрийн ачааллыг бага байлгахаар өөрчлөлт оруулав. Ингэхдээ хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тарифыг нэвтрүүлсэн.  Өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт.ц-ийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцохоор болов.Өөрөөр хэлбэл, иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Ингэснээр айлуудын цахилгааны хэрэглээний нэг кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орж байгаа юм.

Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг хэрэглэдэг гэсэн судалгаа бий.  Одоо мөрдөж байгаа цахилгааны өдөр, шөнийн цагийн хоёр тариф дээр оройн “Оргил ачааллын цагийн тариф”-ыг шинээр нэвтрүүлж буй.

Хэрэглэгч айл өрх энэхүү цагийн ялгаварт гурван тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө. Гэр хорооллын айл өрхийн халаалтын улирлын цахилгааны шөнийн хөнгөлөлт хэвээрээ үргэлжилнэ. Үүнээс гадна нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөхөөр  зохицуулжээ.

 

 

9. НИЙТИЙН ТЭЭВРИЙН “НО” БУЮУ НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГ 

 

Түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, нийслэлийн ЗДТГ болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч нарын гомдол гаргах, шийдвэртэй танилцах эрхийг хангаж ажилласан юм. Хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын 24 албан тушаалтныг яллагдагчаар татсан юм. Үүнээс хоёр нь БНСУ-ын иргэн байгаа юм. Нэр бүхий 24 хүнд холбогдох шүүх хурал хамгийн сүүлд энэ оны арванхоёрдугаар сарын 16-нд товлогдоод байсан боловч дахин хойшилж, ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр болохоор товлогдсон. Тус хэргийн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхцсан зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.169) 2025 оны 01 сарын 02

Усан цахилгаан станцаа бушуухан барихсан тохируулага хийх боломжтэй

0  |  0
Top