Газрын ховор элементийн ордуудыг стратегийн ордод хамааруулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр салбарын яам нь бэлтгэж байгаа аж. Эдийн засгийн стратегийн түүхий эд гэх тодотголтой газрын ховор элементийн салбарыг зөв залж чадвал ихээхэн үр дүнтэй байхыг үгүйсгэх аргагүй юм. Монгол Улс газрын ховор элементийн илэрц цаашлаад нөөц ихтэй гэгдддэг. Солонгосын “Реалкокореа” ХХК-ийн мэдэлд очсон газрын ховор элемент бүхий Дорноговийн Хатанбулаг сумын нутаг дахь Лу-гийн голын орд нь “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах газруудын нэрсийн жагсаалтад орж байсан нь саяхных. Мөн Өмнөговийн Мушгиа хад, Ховд аймгийн Халзан бүргэдтэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Авдрант, Булган аймгийн Дашинчилэн сумын Агуйт, Дорноговь аймгийн Айраг сумын Модот-Уул гэхчлэн олон газраас дэлхий дахины анхаарлыг татсан ховор элементүүд илэрснийг мэргэжилтнүүд хэлдэг.
Тэгвэл газрын ховор элемент чухам яагаад чухал вэ гэдэг дээр хэдэн үг хэлэх нь зөв болов уу. Ерөөс газрын ховор элементгүй бол хүн төрөлхтөн дэвшилтэт технологийн үр ашгийг үзэх боломжгүй аж. Хүмүүс бидний өдөр тутмын өргөн хэрэглээний олон тоног төхөөрөмжид газрын ховор шороон элементүүд болон тэдгээрийг агуулсан хайлш нь хэрэглэгддэг. 7 тэрбум гаруй хүн амтай дэлхий дээр одоогийн байдлаар 5 тэрбум гар утас байгаа гэсэн судалгаа бий бөгөөд тэдгээрийн түүхий эд нь газрын ховор шороон элемент. Мөн компьютерын, дахин цэнэглэдэг батерейн, зургийн аппаратны гэхчлэн газрын ховор элемент болоод түүний нэгдэлгүйгээр бүтээгдэх тоног төхөөрөмж энэ зуунд үнэндээ байхгүй аж. Чухам яагаад эдийн засгийн стратегийн түүхий эд гэж онцлоод байгаагийн үндэслэлүүдийг хүргэхэд атомын цахилгаан станц, атомын бөмбөг, цөмийн реакторын түлш, металлургийн үйлдвэрлэлд, автомашины мотор, аккумлятор, оптик линз, үнэт чулууны үйлдвэрлэлд гэхчлэн тоочвол чамгүй урт дараалал үүснэ.
Газрын ховор шороон элементүүд нь үелэх системд нэгэн дор байрладаг 17 элементээс тогтсон нэг бүлэг юм. Тус бүлэг нь иттрий болон лантанийн бүлгийн лантани, цери, празедими, неодими, промети, самари, европи, гадолини, терби, диспрози, холми, эрби, тули, иттерби, литети гэсэн 15 элементээс тогтдог байна. Эдгээр элементүүд нь бүгдээрээ металл бөгөөд энэ бүлэг металлыг газрын ховор шороон металл гэж мөн нэрлэдэг аж. Мөн эдгээр металлууд нь өөр хоорондоо ижил төстэй олон шинж чанаруудтай бөгөөд орд газруудад хамт тохиолддог байна.
Гэхдээ түүний нөөц нь хүрэлцээтэй бус. Хятад гүрэн дэлхийн газрын ховор шороон элементийн 95 хувийг дангаар олборлож байна. Тодорхой хэлбэл хэрэглээгээрээ ч, олборлолтоороо ч дэлхийд монопольчлолоо хэдийнэ тогтоосон гэсэн үг. Тэгэхээр нөөц ховор энэ салбарын судсыг нэг улс 30-аад жилийн өмнөөс аажимаар атгаж ирсэн нь өдгөө дэлхий дахинд эхэлсэн шинэ тэмцлийн суурийг бэхжүүлсэн гэсэн үг. Нэгэнтээ улс гүрнүүд газрын ховор элементийн төлөө өрсөлдөж байгаа энэ цаг үед манайх ч бас байгаагаа гаргаж ирэх тухай яригдаж буй юм.
Манай өмнөд хөрш БНХАУ сүүлийн 15-20 жилд дэлхийн улс орнуудын газрын ховор элементийн эрэлтийн 95-97 хувийг хангасан гэсэн судалгаа байна. Гэхдээ тэд нийлүүлэлтээ хязгаарлах бодлого барьж буй. Тус улс дотоодын нөөцөө хадгалан үлдээх бодлогыг барих болсон тус улс 2015 он гэхэд газрын ховор элементийн нийлүүлэлтээ бүрэн хумиж болзошгүй талаар ч шинжээчид тэмдэглэж буй. Хэрэв тийм зүйл болвол дэлхий дахинд чамгүй асуудал үүснэ. Тэрчлэн дэлхийн өнцөг булан бүрт газрын ховор элементийн төлөөх тэмцэл ширүүсэх магадлалтай. Харин манай тухайд эл дайнаас ихээхэн ашиг хүртэх боломж байхыг үгүйсгэх аргагүй.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 1 )
Уучлаарай миний үсгийн фонд таарахгүй байна энэ т****аар мэдээлэл хэрэгтэй бол vom.asia@yahoo.com эсвэл 94009910 тоот утсаар аваарай