Стратегийн тодотголтой хэд хэдэн ордтой хамаатай асуудлыг шийдвэрлэх гэж байгаагийн дотор Бороогийн алтны орд ч цохиж явна. Нэгэнтээ Канад улсад төвтэй алтны олборлолт, хайгуулын Сентерра Гоулд компанийн охин компани Бороо Гоулд 2004 оны 3 дугаар сараас 2011 оны 12 дугаар сарыг хүртэл Бороогийн уурхайгаас ойролцоогоор 1.5 сая унц алт олборлоод, нөөцийг нь барчихсан. Тиймээс энэ ордын тухайд байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргах талаар арга хэмжээ авах биз.
Тэгвэл Сентеррагийн мэдэлд Бороогийн уурхайгаас 35 км зайд орших Гацууртын орд ч 100 хувь бий. Тус компани энэ хоёр талбайг холбосон 55 км урттай замыг 2010 онд барьж дуусгасан. Гацууртын уурхайн талбайн бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн бөгөөд одоогоор олборлолтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө хүлээж байгаа гэх мэдээллийг өгдөг. Мэдээж тэдэнд зөвшөөрөл өгөхийн тулд Бороогийн ордтой холбоотой дээрх асуудлуудын хариу хэрхэн гарах нь чухал. Түүнээс гадна тодотгоход бодит байдал дээр тэдний мэдлийн лицензүүд ганц Гацууртаар тогтохгүй. Бороо Гоулд компанийн эзэмшилд ашиглалтын 10, хайгуулын 4 лиценз байгаа бол Сентеррагоулд монголия компанийн нэр дээр ашиглалтын 7, хайгуулын 20 нийтдээ 41 лиценз байгаа гэх мэдээлэл байна.
Ямартай ч тус компанийн үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл цөөн бус гардаг. Гацууртын ордод албан бусаар олборлолт явуулаад гол усыг хүнцлээр бохирдууллаа гэсэн асуудал яригдаж, бүр буун дуу гарсан билээ. Харин тус компанийн зүгээс мэдэгдэл хийхдээ Гацуурт орчмын голыг 1990-ээд онд Гацууртын шороон ордод нэлээд хэдэн компани олборлолт явуулж байгаад нөхөн сэргээлт хийлгүй орхисны улмаас бохирдсон гэж тайлбарласан юм.
Мөн татвартай холбоотой асуудлууд ч бий. Тухайлбал, Канадын Сентерра Гоулд ХХК нь Нидерланд улсад байгуулсан охин компаниараа дамжуулж Бороо Гоулд ХХК-ны ноогдол ашгийн орлогоос ямар ч татвар төлөлгүйгээр Канад руу шилжүүлэн авч байсан байдаг. Үүний улмаас Монгол Улс 2010 онд 67.2 тэрбум, 2011 онд 32.0 тэрбум төгрөгийн орлогыг алджээ.
Гэхдээ одоо бол Нидерландын Вант улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон учраас Сентерра Гоулд ХХК дахиж даварч чадахгүй болов уу.
Мөн энд нэг зүйлийг тодотгоход Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын мэдээллийн баазад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээлэл зөрүүтэй байдгийг Бороо Гоулдын жишээнээс харж болно. Учир нь Ашигт малтмалын ерөнхий газарт байгаа мэдээллээр Бороо Гоулд компанийг Нидерландын хөрөнгө оруулалттай компани гэж бүртгэсэн байхад Татварын ерөнхий газрын мэдээллийн баазад Багамын арлаас хөрөнгө оруулалттай гээд тодотгоод бүртгэчихсэн байгаа юм.
Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчдын тухайд аль болох татварын хөнгөлөлттэй нөхцөл байдлыг хүсэмжилнэ. Харин манай тухайд тэднээс авах ёстойгоо алдах ёсгүй тул өөрсдөөс шалтгаалах алдаа дутагдлыг гаргахгүй байх хэрэгтэй аж.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 2 )
GADNII GEH AMISGAANUUDIIG EH ORNOOS HOON ZAILUUL.
ene chin MAN iinhantai holbootoi shu de. S.BATBOLD iin hiisen gai.