Эйфелийн цамхаг, Ромын Колизей, Хятадын Цагаан хэрмийн гэрэлтүүлгийг унтраана

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 23

2007 оноос эхлэн дэлхий нийтээр “Эх дэлхийн цаг” дор нэгдэж буй юм. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж эхэлсэн юм. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригийн орой 20:30-21:30 цагийн хооронд гэрлээ унтрааж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийлдэг тус арга хэмжээ Сиднейд анх гараагаа эхэлж байсан бол нэг жилийн дараа гэхэд дэлхийн олон арван улс орон энэхүү экологийн тэнцвэрт байдлын төлөөх санаачлагад нэгдсэн бөгөөд 2012 он гэхэд сайн дураар дэмжигсдийн тоо 1.8  тэрбум болсон байв.

Манай тухайд 2010 оны гуравдугаар сарын 26-ны өдөр анх удаа Улаанбаатар хотод  “Эх дэлхийн цаг”-ийг зохион байгуулахад  4000 орчим хүн хамрагдаж байжээ. Харин  2011 онд Сүхбаатарын талбайд 6000 хүн цуглан “Эх дэлхийн цаг”-ийг дэмжсэн  бол Увс аймгийн төв Улаангом хотод 1000 гаруй хүн, Ховд аймгийн төв Ховд хотод 500 орчим хүн нэгдсэн байдаг.

2011 онд Сүхбаатарын талбайн ойролцоох гэрэлтүүлгүүдийг унтраахад 151,615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо гарсан байдаг бөгөөд энэ нь агаар мандалд дэгдэх байсан нүүрсхүчлийн хийн ялгарлыг 121 кг 292 граммаар бууруулсан тооцоо гарчээ.

Энэ жилийн тухайд манай улс  “Эх дэлхийн цаг-2013” арга хэмжээг  дөрөв  дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Өнөөдөр орой 19:30 цагаас албан ёсоор эхлэх тус арга хэмжээг  “Лаатай үдэш” нэрийн дор зохион байгуулна.  Магадгүй “Лаатай үдэш” гэхээр лаа асаах нь ялгаагүй нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа сөрөг нөлөөтэй гэж хүлээж авах талууд байж болох боловч,  “Эх дэлхийн цаг” аян нь дэлхийн хүмүүст уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын шалтгаан, байгалийн нөөцийг хэмнэхийн ач тусыг ойлгуулж, цаашдын үйл ажиллагааг нь эрүүлжүүлэх тустай гэдгийг тэмдэглэх нь зөв болов уу.

Сүүлийн мэдээллээс харахад дэлхийн байгалийн нөөцийг хэмжээнээс нь 50 хувь давуулан ашигласан судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн байгалийн нөөцөө 100 хувь ашиглаад түүнээсээ 50  хувийг илүү ашигласан. Хүн төрөлхтөн замбараагүй хэрэглээгээ зогсоохгүй бол сүйрэлд хүрэхэд ойрхон байгаа гэдэг дээр  дэлхийн эрдэмтэд санал нэгдэж байгаа аж.

Түүнчлэн дэлхий даяар “Эх дэлхийн цаг”-ийг хүлээн зөвшөөрч байна. Парисын Эйфелийн цамхаг, Лондоны Биг-Бен, Ромын  Колизей, Египетийн Пирамидууд, Хятадын Цагаан хэрэмийг гэрэлтүүлэх багажууд бүгд унтардаг гээд та боддоо. Энэ жил ОХУ-ын Төрийн тэргүүний албан ёсны өргөө Кремлийн гэрлийг бас нэг цагаар унтраах аж.   Дэлхий нийтээр “Эх дэлхийн цаг”-д нэг цагийн хугацаанд нэгдсэнээр  хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг ойлгож байгаа юм.

Энэ жил дэлхий нийтийн 2 тэрбум хүн “Эх дэлхийн цаг”-т нэгдэж байгаа аж. Тэгэхээр Эх дэлхийнхээ төлөө ариун үйлсэд нэгдсэн  хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top