3 сая ам.долларын шагнал санаачлав

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 26

Рокфеллерийн их сургуулийн профессор Кори Баргманы судалгаа энгийн бүтэц бүхий лабораторын амьтадын нэг болох хялгасан хорхойн нарийн нийлмэл дүр төрхийг илчилж, олон шинэ боломжийг нээжээ. Тэрээр хялгасан хорхойн мэдрэлийн эсүүдийн харилцан үйлчлэлийн холбоог судалсан юм. Мөн тус их сургуулийн профессор Тиша Дэ Ланг хөгшрөлтийг сааруулах нөлөө бүхий сүүн тэжээлтэн амьтадын телемор (хромсомын төгсгөл дэх ДНХ-ийн бүтэц)-ийг судлаж, телеморын дутагдал нь хорт хавдарын эсийн генийн тогтворгүй байдалд хүргэдгийг тогтоожээ.

Тэдний судалгаа шинжлэх ухааны салбартаа тодорхой хэмжээгээр үнэлэгддэг боловч одоо өөр нэгэн сонирхолтой байдлаар онцлогдож байна. Учир нь хамгийн их хэмжээний мөнгө дагалдах шагналыг сүүлийн үед хүртсэн 20 гаруй эрдэмтэдийн дунд байгаа хоёрхон эмэгтэй эрдэмтэн юм. Эдгэшгүй өвчин болон хүний амьдралыг уртасгахад чиглэсэн судалгаагаар "Амьд биетийн судалгааны амжилтын шагнал"-ыг 11 эрдэмтэн өнгөрөгч Лхагва гаригт хүртэж тус бүр 3 сая доллараар шагнуулжээ.

Уг шагналыг Фэйсбүүкийн Марк Цукерберг, Гүүглийн Сергей Брин, Эплийн Арт Левинсон, оросын нийгмийн сүлжээний "загалмайлсан эцэг" Юри Милнер нарын технологийн тэрбумтнууд санаачилж, цаашид жил бүр 5 хүнийг тодруулан шагнаж байхаар тогтжээ. Шагналын комисст тэдгээрээс гадна Бриний эхнэр Эн Вожисэки, Цукербергийн эхнэр Присцила Чан нар оролцсон байна. "Шагнагдаж буй хүмүүс нийгэмд баатар ёсоор үнэлэгдэх ёстой" хэмээн биотехнологийн анхны хувийн компанийг үндэслэгч Вожисэки хэлэв.

Харин шагналын санааг онолын физикийн чиглэлээр Орост суралцаж байсан Юри Милнер гаргажээ. 12 тэрбум долларын хөрөнгөтэй гэгддэг тэрээр өмнө нь "Онолын физикийн салбарын шагнал"-ийг санаачилж, барууны 9 эрдэмтэнг сонгон тус бүр 3 сая доллараар шагнаж байсан юм. Ийнхүү шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан хүмүүст олгох шагналын мөнгөн хэмжээ нэмэгдсээр байна. "Онолын физикийн салбарын шагнал"-аас өмнө тус бүр 1 сая доллар дагалдах Кавли, Шау, мөн 1,1 сая доллар бүхий Нобелийн шагнал хамгийн их орлоготойд тооцогдож байв.

Английн Гаардиен сонин "Амьд биетийн судалгааны амжилтын шагнал" хүртсэн хүмүүсээс ярилцлага авахад бүгд шагналын тухай мэдээнд гайхаж цочирдсон тухай өгүүлсэн байна. Шагнагсдын нэг Дэ Ланг "би бараг өмч хөрөнгөгүй шахуу хүн, надад тийм их мөнгөний хэрэгцээ байдаггүй" гэсэн бол Баргман "энэ зүгээр л нэг тоглоом шоглоом хийсэн явдал байх гэж бодсон" гэжээ. Шагнагдсан хүмүүсийн дунд iPS эсийн судалгаагаар өнгөрсөн жил Нобелийн шагнал хүртсэн Яманака Шинья байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top