Өнөөдөр Францын кино урлагийн нэрт төлөөлөгч, алдарт жүжигчин Жан-Поль Бельмондо 80 насыг зооглож байна.
Энэхүү ойн хүрээнд ОХУ-ын Санкт-Петербург хотод Жан-Поль Бельмондогийн уран бүтээлийн үдэшлэгийг зохион байгуулахаар зэхэж буй талаар өмнө бид мэдээлсэн билээ.
Жан-Поль Бельмондо 1933 онд Нёйи –сюр-Сенд Парисын барималчины гэрт төржээ.
Бага наснаасаа урлаг, спортын аль ч замналаар хөөцөлдсөн авьяас байсан тэрээр хорин насандаа үндэсний хөгжимт драмын урлагийн дээд сургуульд элсэн орсоноор эргэж буцалтгүй их урлагийн хүү болсон юм.
1960 онд түүний анх тоглосон”Сүүлчийн амьсгалаар” киноны дүр Францын киноны “шинэ урсгал”-ыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг.
Өрнийн кино судлаачид Бельмондогийн инээмсэглэлийг тухайн үедээ” Францын кино урлагт Холливудын Жеймс Диний сэтгэл булаам инээмсэглэлийг санагдуулж байна “ гэж магтан бичиж байжээ.
Хойтон жил нь Софи Лорен түүнтэй хамтран тоглосон “Хоёр бүсгүй” киногоороо Оскарын шагналыг гардан авсан нь залуу жүжигчинд алдрын титэм нь хол санагдахаа больсон байна.
Олон арван кинонд шилдэг дүр бүтээсэн Бельмондо нилээд хожуу хурц дайчин тоглолттой инээдмийн болон тулааны урлагийн сэдэвтэй кинонд дагнан тоглох болжээ.
Тэрээр нийт 97 киноны гол ба туслах дүр,театрын тайзан дээр 40 гаруй шилдэг дүрийг амилуулсан юм.
Ная хүрсэн түүнээс саяхан нэгэн сурвалжлагч дахин кинонд тоглох эсэхийг лавлахад “Би нисдэг өвөө болмооргүй байна” гэж наргин өгүүлжээ.
Одоо ч эрүүл чийрэг Жан-Поль Бельмондо залуудаа муугүй тамирчин байсан юм шүү.Тэрээр боксын спортоор Парисын аваргын алдрыг хүртэж байсан нэгэн билээ.
Тулааны хүнд хэсгүүд дээр тэрээр ямар ч орлон тоглогчгүй зураг авалтанд олонтаа оржээ.Харин “Дээрэм” киноны үеэр азгүйтсэнээс хойш мартахааргүй сайн хаширчээ.
Бельмондо нэр хүндтэй “Сезар” шагналаас эрс татгалзаж байсан баримт байх юм.
Учир нь “Сезар”-ийн титэмт барималын зохиогч түүний эцэг мэргэжил нэгт барималч Поль Бельмондод таагүй ханддаг байжээ.
Алдарт жүжигчин 80 насны ойгоо даруухан цомхон тэмдэглэхээ Оросын хэвлэлээр зарлаад байгаа билээ.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )