Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Эстони улсаас Монгол Улсад суухОнц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Тоомас Лукк, Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Алберто Браданини, Бүгд Найрамдах Филиппин улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, хатагтай Эрлинда Ф.Басилио нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан баяр хүргэж хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Алберто Браданинитай уулзахдаа тус улстай жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар, нэхмэл, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл, дизайны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдаг талаар танилцууллаа. Монгол Улсын Элчин сайдын яамыг Италид байгуулаад удаагүй байгаа. Монгол Улс мал аж ахуйн гаралтай түүхий эдийн баялаг нөөцтэй. Үүнийг төрөлжүүлэн гадаадад гаргах, Монгол брэндийг дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр хамтран ажиллаж болох талаар уулзалтын үеэр ярилцав. Мөн Итали, Монгол хоёр соёл, түүхийн их өв сантай орнууд. Энэ чиглэлээр ч хамтран ажиллах талаар ярилцлаа.
Элчин сайд Алберто Браданини Ромын эзэнт гүрэн, Чингисийн эзэнт гүрнээс эхлээд хоёр улсын ард түмний ахуй амьдралд төстэй талууд байдгийг дурдав. Бүгд Найрамдах Филиппин улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, хатагтай Эрлинда Ф.Басилиотой уулзахдаа эдийн засаг, бизнесийн чиглэлээр Монгол Улс Филипин улстай хамтран ажиллах чиглэлээр ярилцав.
Филиппин улс нь авлигын улмаас хөгжил нь удааширч байсан гашуун түүхийг ардаа орхиж авлигатай тууштай тэмцсэн орон юм. Монгол Улс ч авлигатай тууштай тэмцэж үзүүлэлт нь буурч байгааг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итгэмжлэх жуух бичгээ барьсан Элчин сайд нарт хандан “Та бүхний үйл ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам бүх талаар дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Элчин сайд нар талуудын харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )