“Буратиногийн адал явдал” гэдэг хүүхдийн кино байдаг даа.
”Нарс гэдэг модоор наадмыг сийлсэн аав минь” гэж дуунд гардаг шиг уран дархан Карло эцэг тоглоом наадам биш цовоо сэргэлэн Буратиног түмэн алжаалаар бүтээснээс болж сонирхолтой хөгжилтэй үлгэр эхэлдэг.
Яг энэ эгэл жирийн алтан гартай модны дарханы дүрээр Орос-Зөвлөлтийн төдийгүй Украйны харьяат жүжигчин Николай Григорьевич Гриньког хүүхэд багачууд,хөгшин хөвөөгүй “Карло аав” гэж авгайлдаг байжээ.
Гэтэл Николай Григорьевич зүгээр нэг модон хүүхэлдэй урладаг “кузнец” биш уран хийцтэй торгон мэдрэмжтэй гайхалтай чадварлаг дүр бүтээдэг жинхэнэ дархан байсан юм.
Дэлхийн кино урлагийн нэрт төлөөлөгч Оросын кино найруулагч Андрей Тарковский амьдралдаа цөөхөн хэдэн кино бүтээсэн нь бүгд олон улсын шилдэг кино наадмуудын тэргүүн шагналыг хамсаныг бид сайн мэднэ. Цөөхөн кино бүтээдэг шигээ цөөхөн жүжигчинд тэр итгэдэг байв.
Тарковскийн эх орондоо хийсэн бүх кинонд Оросын жүжигчин А.Солоныцин, Н.Гринько хоёр тоглосон байдаг.
Николай Гринькод дандаа эцгийн нөмөр нөөлөг шингэсэн ухаалаг сайхан дүрүүд оногддог.Харахад туслах дүрүүд мэт хирнээ ямагт анхаарлын төвд үйл явдлын зангилаас болно.
“Иваны бага нас” кинонд дайны үеийн цэргийн дарга Грязнов,”Андрей Рублев”-ийн бурханч лам Даниил Чёрный, “Солярис-”т Крис Келвиний эцэг,”Толь”-д хэвлэх үйлдвэрийн захирал Иван,”Газарч” киноны профессорын дүрүүд бүгд өөгүй нарийн хийцтэй .
Кино урлаг судлаачид,Тарковскийн ойр дотно явсан нөхдийн дурсамжаас үзэхэд Николай Гриньког эцгийн дүрд голдуу урьдаг нь санамсаргүй зүйл огт биш байсан болтой.
Тэрээр гадаад төрхөөрөө төдийгүй дотоод ертөнцөөрөө алдарт найруулагчийн эцэг ЗХУ-ын төрийн шагналт яруу найрагч Арсений Тарковскийтэй тун адилхан байсан гэдэг.
М.Мишээл
Сэтгэгдэл ( 0 )