Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 11

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг байнгын хорооны дарга А.Бакей танилцуулав.

Сонгуулийн ерөнхий хорооноос энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд авахаар тусгажээ.

Байнгын хорооны хуралдаан дээр гишүүн М.Энхболд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд авах нь “хугацааны хувьд арай эрт байгаа, саналыг эрт авснаар маргаан үүсэх” зэрэг асуудлаар саналаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар ирүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ц.Нямдоржоос өөр асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар болж байна.
Ш.Содномжамц

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
derme(203.194.114.252) 2013 оны 04 сарын 24

Ardchilsan nam yalnooo yalna

0  |  0
oogoo(203.194.114.252) 2013 оны 04 сарын 24

elbegdorj guigaas oor huniig songohguieee

0  |  0
ariuk(203.194.114.252) 2013 оны 04 сарын 24

elbegborj eronhiilogchiiig 100% demjij baina

0  |  0
AMARA(203.194.114.252) 2013 оны 04 сарын 24

ENE SONGUULIAR ELBEGDORJIIG DEMJIJ BAINA

0  |  0
sandag(49.0.200.240) 2013 оны 04 сарын 11

Elbegdorjiig songoh avtomat mashininii songuul boloh yum biz dee ha ha ha

0  |  0
Top