УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд өнгөрөгч сарын 22-ны өдөр сэтгүүлчидтэй уулзалт хийн, Монгол Улсын гадаад харилцааг олон нийтэд сурталчлан таниулахад хэвлэл мэдээллийнхэн чухал үүрэг оролцоотойг онцолж, “Гадаад харилцааны элч сэтгүүлч” төв байгуулж байгаагаа зарласан юм.
Тус уулзалтын үеэр клубын үйл ажиллагааг хэрхэн явуулах тал дээр сэтгүүлчид саналаа хэлж байсан юм. Тухайлбал, “Гадаад харилцааны элч клуб”-ийг тогтмол ажиллагаатай болгох тал дээр анхаарч төлөвлөсөн тогтмол ажилгүйгээс төлөвшиж чадалгүй унтраахгүй байхыг сануулж байсан. Түүнчлэн өндөр дээд хэмжээний айлчлалын өмнө мэдээлэл авах хэвлэлийн бага хурлыг тогтмол зарлаж байх, гадаад яамны ажил төрөл болоод олон улсад өрнөж байгаа үйл явцын талаар тайлбар авч байх хүсэлтээ мөн илэрхийлж байсан юм.
ГХЯ хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн гаргасан санал санаачлаган дээр тулгуурлан тун удахгүй манай улсад зохиогдох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бага хурлын талаарх нээлттэй мэдээллийг өнөөдөр хийлээ. Өнөөдөр буюу 04-р сарын 11-ны 10:00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд энэ сарын 27-29-нд Улаанбаатар хотноо зохиогдох гэж буй, дэлхийн 100 гаруй орны төр засгийн болон иргэний нийгэм, бизнесийн 1000 гаруй төлөөлөгч оролцох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын бэлтгэл ажил, үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус хурлын Ажлын албаны Ерөнхий зохицуулагч Д.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн юм.
Цаашид олон улсын харилцаа, дипломат ажиллагаа, гадаад сурталчилгааны чиглэлээр сонирхдог, бичдэг, эрэл хайгуул хийдэг сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх, мэргэшүүлэх туршлага солилцуулах боломжоор хангах тал дээр ГХЯ-ы дэргэдэх “Гадаад харилцааны элч” клуб анхааран ажиллах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )