Хонконгт онц байдал зарлаагүй гэж мэдээлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 15

Хятадад илэрсэн шувууны ханиадны (H7N9) вирустэй холбоотойгоор Хонконгт онц байдал зарласан гэсэн мэдээлэл Монголын зарим мэдээллийн сайтаар гарсантай холбогдуулан Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас дараах тайлбар ирүүлэв. 

Хонконгийн Засгийн газрын Эрүүл мэндийн департаментаас тодруулснаар одоогоор Хонконгт онц байдал зарлаагүй, тийм нөхцөл байдал ч үүсээгүй байна.  “Шувууны ханиадны (H7N9) вирусын халдвар авсан хүн өнөөг хүртэл Хонконгт бүртгэгдээгүй, хэрэв илэрвэл мэдээллийг Хонконгийн Засгийн газраас олон нийтэд даруй мэдэгдэх болно” гэж тус департаментаас гаргасан албан ёсны мэдээлэлд дурджээ.

Хонконгийн Эрүүл мэндийн департамент эх газрын Хятадын эрүүл мэндийн байгууллагуудтай байнга холбоотой ажиллаж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг мөрдлөг болгож байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар Хятадад шувууны ханиадны (H7N9) вирусын нийт 60 тохиолдол лабораторийн түвшинд батлагдсанаас Шанхайд 24, Зянсу мужид 16, Жэзянь мужид 15, Анхуй мужид 2, Хэнань мужид 2, Бээжинд 1 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Хонгконг дахь Ерөнхий консулын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top