Түмэн асуултын ард буй Царнаев амьд үлдэх ёстой

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Бостоны дэлбэрэлтийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байсан ах дүү Тамерлан Царнаев, Жохар Царнаев нараас асуух асуулт ч бий, асуух ял ч бий. Гэвч энэ жил 26 нас хүрээд байсан Тамерлан Царнаев амь алдсан нь Бостоны цагдаагийн газрын хувьд “асар том гарз” юм. Хэрэв ах Царнаев амьд байсан бол түүний амнаас олон хэргийн учир ээдрээ тайлагдах үг гарцаагүй унах ёстой байсан ч эл болзошгүй аюулаас сэрэмжлэн түүний дүү 19 настай Жохар Царнаев ахынхаа амийг хөнөөсөн байж магадгүй байна хэмээн цагдаагийнхан үзэж байгаа юм.

Тамерлан Царнаев 2006 онд АНУ-д ажиллаж, амьдрах эрх бүхий ногоон карт хожиж тус улсад суурьшсан нэгэн. Гэтэл хоёр жилийн өмнөөс лалын хэт даврагч бүлэглэлтэй хамтран ажиллаж байсан байж болзошгүй учраас цагдаагийнхан түүнийг сэжиглэж байцааж байсан юм. Тухайн үед Холбооны мөрдөх товчооныхон сэжиглэж буйгаа лавшруулахыг оролдсон ч тодорхой баримт олдоогүй аж.

Тиймээс асуудлаас мултарч эрх чөлөөтэй болсон Тамерлан эх орон руугаа буцаж тэндээ чамгүй хугацааг өнгөрүүлсэн нь цагдаагийнханы хараа хяналтаас мултрах арга байсан байж болзошгүй хэмээн харж байна.  

Энэ үеэс эхлэн ах дүү Царнаев Бостонд халдлага хийхээр төлөвлөсөн байж ч магадгүй. Учир нь 19 настай Жохар Царнаев одоогоос найман сарын өмнө Abdul J_Tsar твиттер хаягаар жиргэж байсан жиргээнээс нь харвал Бостоны марафоны үеэр халдлага хийхийг яалт ч үгүй төлөвлөж байж.

Abdul J_Tsar хаягтай жиргээч “Бостоны марафон гүйлтийн тэмцээн нь утаа гаргахад тийм ч таатай газар биш юм” хэмээсэн байжээ. Үүнийг нь “Dailymail” сонин мэдээлсэн төдийгүй түүний дараа дараагийн жиргээг ч нийтэлсэн байна. Энэ мэтээр Бостоны марафоны үеэр халдлага зохион байгуулсан Царнаев амьсгал хураах эрхгүй болж байгаа бөгөөд түүнд ял төлөвлөж эхлээд байгааг Оросын хэвлэлүүд онцолж байна.

Өөрөөр хэлбэл эл хэргийн сэжүүрийг тайлах цорын ганц хүн нь 19 настай Жохар Царнаев. Тиймээс эмч нар түүнийг амьд үлдээхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж түүний хүчинд сэжигтэн ухаан орж бичгээр мэдүүлэг өгч эхэлсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Хариулт авах, өгөх олон асуулт бий. Манай улсад суралцаж, манай улс орон, хамтын нийгэмлэгийн нэг хэсэг болсон залуучууд ямар учраас хүч хэрэглэх ажиллагаа явуулсан бэ?. Тэд террорист ажиллагааг яаж зохион байгуулсан бэ?. Тусламж авсан уу? гэх зэрэг асуултын хариуг гэмт халдлагын амь үрэгдсэн хүнийг гэр бүлийн гишүүд мэдэх ёстой. Тэдний буруутай үйл ажиллагаанаас болж шархдаж, бэртэн золиос болсон олон хүмүүсийг бодолцож эдгээр асуултын хариуг мэдэх шаардлагатай” гэсэн нь түмэн асуултын ард буй Жохар Царнаевыг үхүүлж болохгүй, амьд үлдэх ёстойг сануулж буй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (83.39.204.91) 2013 оны 04 сарын 24

xaa saigyu l terrorist ajillagaa bolj xymyys vxseer l bn ene bygded amerikchuud buruutai 3 amerik vxsenii tyluu yun ix syrjignedeg yum be amerik xumuus yamar burxan yumuu irak siri geed busad xumuus xun bish yumuu

0  |  0
Top