Одоогоос 10 жилийн өмнө О.Мунос хэмээх эр Чилийн Атакама цөлийн Ла Нориа хэмээх хаягдсан хотоос нэгэн сонирхолтой олдворыг олжээ. Үнэ хүргэж зарах юм хайж явсан тэрбээр сүмийн хажуугаас даавуунд ороосон, 15 см урт хачирхалтай араг ясыг олсон юм.
Энэхүү жижиг хүн дүрстэний тухай хийгдсэн баримтат кинонд (Sirius) уг араг ясыг Стэнфордын эрдэмтэд хүнийх гэж нотолсон тухай өгүүлжээ. Атакамагийн хүн дүрстэн буюу Ата нь биетэйгээ харьцуулахад том гавалтай, сонин шүдтэй, арьс нь хайрс шиг, мөн хар өнгөтэй байснаас гадна 9 хавиргатай байсан юм.
“Стэнфордын их сургуулийн шилдэг эрдэмтэд 6 сарын турш судалсны эцэст Атакамагийн хүн дүрстэн нь нууц хэвээрээ л байна. Гэвч бид уг араг ясны ДНХ материалыг сайтар судалсны эцэст тодорхой дүгнэлтэд хүрлээ.
Би үүнийг сармагчин биш гэдгийг баттай хэлж чадна. Энэ бол хүн. Тэрбээр 6 эсвэл 8 нас хүртлээ амьдарсан бололтой. Мэдээж энэ хүн амьсгалж, идэж ууж, бодисын солилцоо нь явагдаж байж” хэмээн Стэнфордын их сургуулийн эсийн биологийн албаны дарга Г.Нолан ярьжээ.
Атаг мутацид орж өөрчлөгдсөн боловч төрснөөсөө хойш 8 орчим нас хүртлээ амьдарч чадсан эрэгтэй хүний араг яс гэж судлаачид үзэж буй юм.
Эцэст өгүүлэхэд Sirius баримтат кинонд Атакамагийн хүнд дүрстэнээс гадна үл мэдэгдэх нисдэг биет, харийнхан дэлхийд зочилсон эсэх талаар, харь гарагийнхан дэлхий хүртэл аялахын тулд эрчим хүч, хөдөлгүүрийн ямар технологи хэрэглэж болох талаар өгүүлдэг юм.

Сэтгэгдэл ( 0 )