Хүлээлт үргэлжилсээр...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Дэлхийн хөрөнгийн захуудын мэдээллийг харахад өнөөдөр Ази, Америк, Европын үйлдвэрлэл үйлчилгээний үзүүлэлтүүдийг илтгэгч голлох индексүүд өсөлттэй байна.За харин олон улсын бараа таваарын зах зээлийн нөхцөл байдлыг харахад зэсийн ханш төдийлөн өсөлтийг үзүүлж чадахгүй байгаа юм. АНУ-ын Холбооны нөөцийн сан болон Европын төв банкны бодлогын хурал болохтой холбогдуулан долоо хоногийн эхний өдрүүдэд хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалтай байснаас зэсийн үнийн хэлбэлзэл бага, харьцангуй тогтвортой байсан ч, долоо хоногийн дунд үед томоохон эдийн засгийн төвүүдийн талаар таагүй мэдээллүүд гарснаар зэсийн үнэ буурч арилжаалагдсан байна. Энэ нөхцөл байдалд Евро бүсийн ажилгүйдлийн түвшин рекорд өндөр түвшинд хүрсэн мөн гол хэрэглэгч Хятад улсын аж үйлдвэрлэл өнгөрөгч сард хүлээгдэж байснаас эсрэгээр буюу буурсан үр дүнг үзүүлсэн нь нөлөөлжээ. Харин долоо хоногийн сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ эргэн өсч эхэлсэн ба үүнд Европын төв банкнаас бодлогын хүүгээ бууруулсан мөн Холбооны нөөцийн банкнаас мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрөө үргэлжүүлэх шийдвэр гаргасан нь нөлөөлсөн байна. Долоо хоногийн сүүлийн өдөр буюу Баасан гаригт зэсийн үнэ 6 хувийн өсөлтийг хийсэн ба энэ нь сүүлийн 18 сарын хугацаан дахь нэг өдрийн хамгийн их өсөлт болсон. Энэ өдрийн огцом өсөлтөнд төв банкуудын мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шийдвэрээс гадна АНУ-ын хөдөлмөр эрхлэлт 4 дүгээр сард хүлээгдэж байснаас илүү хэмжээгээр өссөнөөр ажилгүйдлийн түвшин сүүлийн 4 жилийн хамгийн бага буюу 7.5 хувьд хүрч буурсан таатай мэдээ хүч нэмсэн байна. Энэхүү огцом өсөлтийн үр дүнд зэсийн үнэ эргэн 7,000 ам.долларын босгыг давж, 7,265 ам.доллар дээр хаагдсан үзүүлэлттэй байгаа юм.

Тэгвэл газрын тосны ханшийн тухайд өнөөдөр BRENT төрлийн түүхий тосны үнэ 103.56 ам.доллар байгааг Bloomberg уламжилж байна. Ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногийн эхэнд буюу 4-р сарын сүүлд газрын тосны үнэ өсч арилжаалагдаж байсан нь Европын холбооны төвбанкны бодлогын шийдвэр еврогийн ханшинд эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлтээс үүдэлтэй байлаа. Долоо хоногийн дунд Брент төрлийн түүхий нефть 102.10 ам.доллар хүртэл өсч хаагдсан байна. Энэ тухай Дани улс дах “Global Risk management”-н шинжээч “Michael Paulson” энэ сард түүхий нефтийн ханшийг буурна гэж бодохгүй байгаа ба түүний ханш хамгийн багадаа гурван оронтой тоонд байна гэж тэмдэглэсэн байна. Долоо хоногийн төгсгөлд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг АНУ-н ажил эрхлэлтийн мэдээ гарч тус улсад өнгөрөгч 4-р сард ажлын байр 165.000-р нэмэгдсэн төдийгүй ажилгүйдлийн түвшин 7.5 хувь буюу сүүлийн 4 жилийн доод хэмжээнд хүрсэн нь хөрөнгийн зах зээл цаашлаад Брент хар алтыг 104.60 ам.доллар хүртэл өсч хаагдахад нөлөөлсөн байна.

Нүүрсний ханшийн тухайд БНХАУ-ын зүүн хэсэгт байрлах боомтууд дээр нүүрсний үнэ тогтвортой арилжаалагдаж байсан бол үлдэх боомтууд дээр  түүний үнэ буурах хандлагатай арилжаалагдлаа. Голлох боомтуудын үнийг багтаасан “Qinhuangdao” индекс өнгөрсөн долоо хоногт өөрчлөлтгүй тонн бүр нь 615 юань байлаа. Шинжээчид дунд хугацаанд нүүрсний үнийг тогтвортой байх нөхцөл байгаа хэдий ч  БНХАУ-н нүүрсний нөөц нэмэгдэж байгаа болон дотоодын нүүрсний олборлолт өсч буй нь тус активын ханшийг бууруулах эрсдэлтэйг тэмдэглэж байлаа.

 Түүнчлэн долоо хоногийн эхний өдрүүдэд хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн банкны хурлыг хүлээсэн байдалтай байсан ба зарим нэг эдийн засгийн тоон мэдээнүүд гарсан юм. АНУ-ын иргэдийн хэрэглээний түвшин буюу дундаж олого, зарлага 0.2%-р өссөн хэдий ч хүлээгдэж байсан үр дүнгээс суларч гарсан байна. Харин орон сууцны борлуулалтын мэдээ сайн үр дүнг харуулсан нь хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлж эхэлсэн бол Евро бүсийн Итали улсад сүүлийн хоёр сар үргэлжилсэн улс төрийн тогтворгүй байдал намжиж засгийн газар байгуулагдсан тухай мэдээ тус улсын хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлсөн ба засгийн газрын бондын хүү мөн буурч, еврогийн ханш чангарсан байна. Долоо хоногийн дундаас АНУ-ын Холбооны нөөцийн банкны нээлттэй зах зээлийн хорооны хурлын шийдвэр гарсан бөгөөд 2010 оноос хойш хадгалж буй бодлогын хүү болон бонд худалдан авах 85 тэрбумын төлөвлөгөө хэвээр үргэлжлэх болсон. Пүрэв гаригт Европын холбооны төв банк хүлээгдэж байсны дагуу бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж 0.5 хувь болгосон ба хамгийн сүүлд 2012 оны 7-р сар буюу 10 сарын өмнө бодлогын хүүг бууруулж байсан юм. Энэ талаар тус банкны тэргүүн Марио Драги цаашид ч шаардлагатай бол бодлогын хүүг бууруулж, тэгээс доош оруулах боломжтой тухай мэдэгдсэн юм. Долоо хоногийн сүүлийн өдөр АНУ-ын ажлын байрны тоон мэдээнүүд хүлээгдэж байсан үр дүнгээс сайн гарсан байна. Ажилгүйдлийн түвшин 7.5 хувь болж буурсан үзүүлэлтийг харуулсан бол долоо хоног тутмын шинээр ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо мөн буурсан үзүүлэлтийг харуулжээ. Харин хөдөө аж ахуйн бус салбарт ажиллагсдын тоо 4-р сард 165 мянгаар нэмэгдсэн байна. Ямартай ч  алтны ханш өнгөрсөн долоо хоногт томоохон өөрчлөлтийг харуулаагүй. Харин хөрөнгө оруулагчид Америк, Европын төв банкуудын шийдвэрийг хүлээсэн байдалтай байсан юм. Ер нь бол дэлхийн эдийн засагт хүлээх хандлага давамгайлж байгааг дээрх мэдээллүүдээс харж болохоор байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top