Уул уурхайн хар төмөрлөгийн цогцолбор байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Төрийн өмчийн хорооны удирдлага Дархан-Уул аймагт байрлах “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК –д ажиллажээ. 2009 онд 3,9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан тус үйлдвэр 2012 онд 6,4 тэрбум төгрөгийн  цэвэр ашигтай ажилласан байна. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь 25 сая тонны нөөцтэй Төмөртолгой, 229.3 сая тонны нөөцтэй Төмөртэй, 12.6 сая тонны нөөцтэй Хуст-Уулын төмрийн хүдрийн ордуудаа түшиглэн төмрийн хүдрийг боловсруулж, төмөрлөг түүхий эдийн хомсдолыг багасгах, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэж байгаа  бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг ихэсгэх, төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах таван жилийн концепц төлөвлөгөөг боловсруулан хоёр үе шаттайгаар  хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Эхний үе шатанд Төмөртолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бусад төмрийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөгдсөн бол дараагийн шатанд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, Дархан-Сэлэнгийн бүс нутагт Уул уурхайн хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар тусгагдсан байгаа, одоогоор эхний үе шатны ажлаа  гүйцэтгээд байгаа талаар Төрийн өмчийн хорооны удирдлагад тус үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан.

2010-2015 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийг өргөтгөн Уул уурхай хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар дотоодын хөрөнгө оруулагч “Кью Эс Си” компанитай хамтран ажиллаж одоогоор 81,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна. Энэ хүрээнд Төмөртэйн уурхайд Хуурайн соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөртолгойн уурхайд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барих, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр нойтон аргаар баяжуулах үйлдвэр, Гангийн үйлдвэрийн өргөтгөл барихаар төлөвлөж байгаа талаараа Дархан төмөрлөгийн үйлдвэрийн дарга П.Эрдэнэцогт танилцууллаа. Агуулга өндөртэй төмрийн хүдрийг хуурай аргаар, харин агуулга багатайг нь нойтон аргаар баяжуулт хийх нь төмрийн агууламжийг нэмэгдүүлдэг. Ингэж агуулга багатай төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулснаар борлуулалтын үнэ 1 тн тутамд 40-45 ам.доллараар нэмэгдэх боломж бүрдэх юм байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороод 20 жил болж байгаа ч энэ хугацаанд хүчин чадлынхаа дөнгөж 50-60 хувийг ашиглаж ирсэн аж. Хэдийгээр 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ч жилдээ 50-60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Энэ нь хаягдал төмрийн олдоцоос шалтгааж байгаа гэдгийг тус үйлдвэрийн ерөнхий захирал  танилцуулгадаа дурьдаж байлаа.

Үйлдвэрлэлийн ажлын хажуугаар зам барилга, эрчим хүч татах гэхчлэн бүтээн байгуулалт хийж яваа 1600 гаруй ажилтан бүхий энэ үйлдвэрийн ажилтай танилцсан Төрийн өмчийн хорооны дарга бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэж байгаа хамт олныг дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ хариуцлага хаана ч илүүдэхгүйг сануулж, цаашид компанид тулгамдаж байгаа хаягдал төмрийн олдоцын асуудалд анхаарлаа хандуулан төрийн өмчийн компани үйлдвэрийн газруудаас актлагдсан төмрийг гар дамжуулалгүйгээр Дархан төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх ажлыг зохицуулах, ачаалалтай цагийн графикийг гаргуулж яг тэр үед нь шаардлагатай байгаа мөнгө төгрөг, зээлийн асуудлыг шийдвэрлэхэд нь  туслалцаа үзүүлэхээ мэдэгдээд  цаг тухай бүрт нь хугацаа алдалгүй шийдэж болохоор асуудлуудыг шийдвэрлэж байхаа хэллээ. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хороо баялаг бүтээж байгаа компаниудаа дэмжиж, зөвлөж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сайн байна(202.21.111.10) 2013 оны 05 сарын 13

төр засгаас дэмжих хэрэгтэй дотоодын хөрөнгө оруулалт гэдэг маш зөв овоо доо

0  |  0
Top