Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд "Өглөөний сонин"-ы “Өглөөний зочин”-оор уригдлаа.
-Таны хувьд “Сэлэнгэпресс” хөлбөмбөгийн клубыг үүсгэн байгуулаад 20 орчим жил болж байна шүү дээ. Энэ нь Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болоход тань нөлөөлсөн байх гэж бодож байна?
-Миний хувьд 10 настайгаасаа хөлбөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоог хүртэл хөлбөмбөг тоглож, мастер ангиллын тэмцээнүүддээ оролцоод явж байна. Нэг талаар хөлбөмбөгийн тамирчин, нөгөө талаар “Сэлэнгэпресс” хөлбөмбөгийн дээд лигийн клуб, одоогоор “Булган Сэлэнгэпресс фалконс” хэмээх клубыг үүсгэн байгуулж, 22 жил хөлбөмбөгийн клубыг удирдаж бэрхшээл, сорилтыг туулсаар, багагүй туршлагыг хуримтлуулсан.
Одоо хүүдээ клубын удирдлагыг шилжүүлсэн. Сүүлийн найман жилд хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн гишүүнээр ажилласан. Энэ хүрээнд тодорхой дүрэм журамд өөрчлөлт оруулах тал дээр түлхүү хувь нэмрээ оруулахад анхаарсан. 2023 оны долоодугаар сард Монголын Хөлбөмбөгийн холбооны Их хурлаар нэр дэвшиж, олонхын саналаар энэхүү нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалыг хүлээж аваад есөн сар болж байна.
-Энэ хугацаанд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Түрүүн би хэлсэн дээ. Тамирчин, клубын эзэн байсан гээд. Эдгээрийг өөрийн биеэр туулж өнгөрүүлсэн учир хөлбөмбөгийн спортыг яавал хөгжих вэ гэдэг тал дээр анхаарлаа хандуулдаг. Эцсийн эцэст хөлбөмбөгийн спортыг юугаар дүгнэдэг вэ гэвэл шигшээ багийн амжилтаар дүгнэдэг юм. Шигшээ баг маань олон улсын тавцанд амжилттай байхын тулд хөгжлийн тогтолцоог бий болгох ёстой гэж үздэг. Ялангуяа мэргэжлийн хөлбөмбөгчинг хөгжүүлэх тогтолцоог бий болгох ёстой гэж үзэж байна. Ирэх дөрвөн жилд хөгжлийн тогтолцоог бий болгож, үйл ажиллагааг нь тогтмолжуулах, хөлбөмбөгийн соёлыг бий болгох ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Аливаа байгууллага өөрийн гэсэн соёлтой байх ёстой. 2023 оны 12 дугаар сард бид хөлбөмбөгийн хөгжлийн форум зохион байгуулсан. Үүгээрээ бид ирэх дөрвөн жилд ямар зорилт дэвшүүлж ажиллах тухайгаа тодорхойлсон. Энэхүү форумаа Төрийн ордонд зохион байгуулж байсан юм. Тухайн үедээ хөлбөмбөгийн форум төрийн ордонд зохион байгууллаа гэх шүүмжлэлд өртөж байлаа. Яагаад Төрийн ордонд хийх болсон бэ гэвэл төрдөө дэлхийн номер нэг спортыг таниулах, сурталчлах зорилгоор хийсэн. Ерөнхийдөө төрийн дэмжлэг спортын салбарт маш чухал.
-Хөгжлийн тогтолцоо хэрэгтэй гэлээ шүү дээ. Үүнийг та хэрхэн тодорхойлж байна вэ?
-Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд маш олон талт ажил хийх хэрэгтэй. Ялангуяа хөлбөмбөгийн спорт соёл болж хөгжих хэрэгтэй. Олон улсад, ялангуяа хөлбөмбөг хөгжсөн улсуудад энэ спорт соёл болж хөгжжээ. Ази болон Арабын орнуудад одоо эрчимтэй хөгжиж байна. Бүх нийтээрээ энэ спортоор хичээллэж, сонирхож, төр нь мөн дэмжиж байж энэ спортын үндэс суурь хөгжинө гэж бодож байна. Гэхдээ улс төрийн оролцоо байж болохгүй, төр ердөө дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах тал дээр анхаарал тавих ёстой гэдгийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо хүлээн зөвшөөрч байгаа. Төрийн дэмжлэгийг би яагаад яриад байна вэ гэвэл жишээ нь хөлбөмбөг эрчимтэй хөгжиж байгаа Япон улсад төр хийгээд бизнесийн байгууллагуудын дэмжлэг хүчтэй байдаг. Мөн Арабын улсууд байна. Катар, Саудын Араб зэрэг оронд төр нь улсынхаа эдийн засгаас олсон орлогоо хөлбөмбөгийн спортод зориулж байна. Үүгээрээ улс орноо дэлхий дахинд таниулж байна. Тэр нь хөлбөмбөгийн спортоо хөгжүүлэх суурь нь болж байдаг.
-Аливаа салбарт улс төрийн оролцоо ороод ирэхээр үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болж ирдэг. Спорт, тэр дундаа хөлбөмбөгийн салбарт төрийн оролцоо ямар байвал зохино гэж та харж байна?
-Үүн дээр би хариуцлагатайгаар хэлмээр байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо улс төрийн ямар нэгэн бодлого, шахалт орохыг хориглодог. Олон улсын холбооны дүрэм журамд ч гэсэн энэ бүхэн зүйл заалтаараа байж байдаг. Харин төрийн хамтын ажиллагаа байж болдог. Өнгөрсөн оны долоодугаар сард миний бие Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн ажлыг хүлээж аваад У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр “Нийтийн хөлбөмбөг” төслийг хэрэгжүүлэхэд нилээд анхаарч ажиллалаа. Хөгжлийн гурвалжин гэж яриад байгаагийн суурь нь энэхүү “Нийтийн хөлбөмбөг” төсөл юм. Тэр дундаа өсвөрийн хөлбөмбөг. Бүх хүүхдэд хүрч сурталчлан таниулах ажлыг бид юугаар хийж чадах вэ гэвэл Ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан хийж чадна. Монгол Улсад нийт 840 гаруй сургууль байна. Сургуулиар дамжуулан энэхүү төслөө хэрэгжүүлбэл хүүхэд бүрд хүрэх боломжтой гэж үзсэн.
Энэхүү төсөл маань үндсэн таван зорилттой. Хамгийн чухал зорилт нь бол “Мөрөөдлийн гоол” тэмцээн юм. Уг тэмцээн таван үе шаттайгаар Монгол орны нийт 840 гаруй сургуульд зохион байгуулагдаж байна. Одоо дөрөвдүгээр шатандаа бүсүүдийн аваргаа шалгаруулаад явж байна. Үүгээрээ Монголын хөлбөмбөгийн холбоо хүүхэд бүрд хүрч ажиллаж чадаж байгаа гэж ойлгож байна.
Бид бүхэн хөгжлийн форумаараа алсын хараагаа хөлбөмбөгийн соёлыг бий болгоё, үүгээр дамжуулан улс орноо сурталчилъя гэдэг дээр санал нэгдсэн. Энэхүү соёлыг бий болгохыг тулд бүх нийтээрээ хөлбөмбөг тоглодог болох, ялангуяа өсвөр үеэс нь уг спортод сонирхолтой, дуртай болгох хэрэгтэй.
-Хөгжлийн гурвалжингийн суурь нь “Нийтийн хөлбөмбөг” төсөл юм байна. Дараагийн алхам юу байх вэ?
-“Нийтийн хөлбөмбөг” төслөөрөө бид олон мянган хүүхдийг хөлбөмбөгт дурлах, түүгээр хичээллэх үндэс суурийг тавьж байна. Нөгөө талаараа бид эрүүл, чийрэг Монгол иргэнийг ирээдүйд бий болгох зорилготой. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй бас энэхүү төсөл маань холбогдож байгаа юм.
Хүн эрүүл, чанартай амьдрахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн боловсрол, эрүүл зан үйл зэргийг багаасаа хийж дадах юм бол хүн эрүүл, өвчлөлгүй байх боломжтой. Нөгөөтээгүүр “Мөрөөдлийн гоол” тэмцээнээр хөлбөмбөгийн спортыг бид хүүхэд бүр сонирхдог, хичээллэдэг болгож ирээдүйн авьяастнуудаа нээж бэлтгэж чадна. Мөн энэхүү спортыг үзэгч, дэмжигчид өнөөдрийн мөрөөдлийн гоол тэмцээнээс бий болох учиртай.
Хөгжлийн гурвалжингийн дараагийн зорилго бол “Элит хөлбөмбөг” хэмээх төсөл. Өмнө нь хэрэгжүүлсэн төслөөс дэлхийд нэрээ цуурайтуулсан авьяаслаг хүүхдүүд төрөн гарахыг үгүйсгэхгүй. Эдгээр авьяастнуудаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь Хөгжлийн гурвалжингийн хоёр дахь зорилт. “Элит хөлбөмбөг”-өө бид бүсчилсэн хөгжилтэй уялдуулж, 21 аймгийн хөлбөмбөгийн холбоодоо таван бүсэд хувааж бүсчилсэн хөгжлийн төслөө эхлүүлээд байна. Эдгээр бүс дээрээ академиуд бий болгон авьяастнуудаа тогтмол хөгжүүлнэ.
Монголын хөлбөмбөг яагаад хөгжихгүй байна вэ гэвэл бид сонирхогчийн түвшинд долоо хоногт тогтмол бэлтгэл хийдэггүй учраас жинхэнэ авьяастнуудаа сонгон шалгаруулж хөгжүүлж чадахгүй байна. Үүнийг би тогтолцоо нь бүрдээгүй байна гэж харсан. Тиймээс авьяастнуудаа элит түвшинд бэлдэх зорилготой байгаа. Мэргэжлийн хөлбөмбөгчдийн суурийг энэхүү “Элит хөлбөмбөг” төслөөрөө тавих юм. Мөн клубүүдын академиудыг чадавхжуулах тал дээр анхаарч уялдуулан ажиллах нь чухал гэж харж байна.
-Бүсчилсэн байдлаар хөгжүүлнэ гэлээ шүү дээ. Хамгийн анхны бүс нутгаар аль аймгуудыг сонгосон байгаа вэ?
-Бид бүхэн бүсчилсэн хөгжлийг дүрэм журмын хүрээнд нь цаасан дээр буулгаж байна. Орон нутаг, багш дасгалжуулагч, бүтэц, мэргэжлийн хөлбөмбөгчнийг хөгжүүлэх хөтөлбөрийг бий болгох зэрэг ажлууд ид хийгдэж байна. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг клубүүдийнхээ академиудаа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг цогцоор нь хийх зорилго тавьсан.
-Үйл ажиллагаа явуулахдаа таны баримталж буй гол зарчим юу вэ?
-Нэгдүгээрт, шударга, ил тод байх зарчим баримтална. МХБХ-ны Их Хурлын индэр дээрээс хэлж байсан. Шударга байхыг нэгдүгээрт тавина гэж. Хөгжлийн форумаас эхлэн шударга, хариуцлагатай, бие биеэ дэмждэг байхыг уриалж байгаа. Харамсалтай нь Монголын Хөлбөмбөгийн холбоо ямар нэгэн үйл ажиллагаа хийсэн тохиолдолд маш их шүүмжлэлд өртдөг. Зөв зүйл хийсэн ч, багахан алдаа хийсэн ч шүүмжилж байна. Хөлбөмбөгийн холбоог хаалттай, хөгжлийн бодлого тогтолцоогүй байгууллага гэж шүүмжлэл олон жил гарч байгаа. Одоо ч үргэлжилсээр л байна.
Манай хөлбөмбөгийн холбоо өөрөө Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн. Тиймээс эдгээр холбооны дүрэм журмыг өөрийн улсын онцлогт тохируулан боловсруулж, дүрэм журмаа баталж үйл ажиллагаагаа явуулдаг. Ямар нэгэн өөр хөндлөнгийн үйл ажиллагаагаар явдаггүй. Зөвхөн МХБХ-ны дүрэм журмаар үйл ажиллагаа зохицуулагддаг. Би энэхүү холбооныхоо шударга, ил тод байдлыг хангаж ажиллахын төлөө л ажиллаж байгаа. Мэдээж, ажил хүлээн аваад ажиллах амаргүй байна. Нийгэмд бий болчихсон хардлагын соёл маань байнгын довтолгоотой, байнгын хардалттай, байнга эргэлзээтэй талаас хөлбөмбөг сонирхогчид маань ярьж хандаж байна. Энэхүү яриаг маань ч мөн худал гэж харж магадгүй. Гэхдээ би энэхүү зарчмаа хатуу барьж ажиллана. Эндээс нэр алдарт хүрэх гэдэг юм уу, эсвэл энэ бүхнээс ашиг хонжоо олох зэрэг ямар ч зорилго байхгүй. Үүнийг би энэхүү ярилцлагыг маань уншиж байгаа хөлбөмбөг сонирхогчдодоо болон хөлбөмбөгийн оролцогч талууддаа, хариуцлагатайгаар хэлмээр байна.
-Шударга байх хэцүү юу. Та энэ тал дээр юу гэж бодож байна вэ?
-Үүнийг хөлбөмбөгтэй ямар ч холбоогүй асуулт гэж бодож байна л даа. Иргэн хүний хувьд юу гэж боддог вэ гэвэл бид маш хэцүү, хүнд үеийг туулж байна гэж ойлгож байгаа. Цахим орчин хөгжчихсөн, хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болчихсон нь нэг талаараа нээлттэй нийгмийн давуу тал ч гэлээ нөгөө талаараа маш хүндрэлтэй нүүр тулж байна. Ямар нэгэн зөв зүйл ярихад үүнийг буруу болгон мушгин гуйвуулахад буруу болчих боломжтой хэцүү нийгэмд бид амьдарч байна. Миний зарчим бол нэгдүгээрт, улс орны эрх ашиг байх ёстой. Хоёрдугаарт, тухайн салбар, тухайн байгууллагын эрх ашиг байх ёстой. Харин хамгийн сүүлд хувь хүний эрх ашиг байх ёстой л гэж бодож явдаг.
-Аливаа байгууллагыг авч явахад санхүүжилт, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал чухал. Санхүүжилтээ яаж шийддэг вэ. Ерөнхийлөгч нь өөрийн хувийн өмч мэт байдаг гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг шүү дээ?
-Үүн дээр тодорхой хариулт өгөх хэрэгтэй гэж би бодож байна. Монголын Хөлбөмбөгийн холбоо бол Олон улсын хөлбөмбөгийн холбооны тодорхой хэмжээний санхүүжилттэй байгууллага. Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн улсууд эрх тэгш дэмжлэг авдаг. Мөн Азийн хөлбөмбөгийн холбооны тодорхой хэмжээний санхүүжилтыг авдаг. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болсны дараа миний бие Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийг зөвлөлийн хурлаараа томилсон. Ерөнхий нарийн бичигт санхүүгийн үйл ажиллагаагаа ил тод байлгах, оновчтой зарцуулах, олон нийтэд мэдээлэх зэрэг үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Үүний дагуу ерөнхий нарийн бичгийн дарга маань анх удаа хэвлэлийн хурал хийж бүгдийг шилэн байдлаар танилцуулсан. Товчхондоо, олон нийт, иргэд маань хөлбөмбөгийн холбоонд маш их хэмжээний санхүүжилт орж ирдэг ч эрх ашгийн үүднээс тэрүүхэн тэднээ дуусчихдаг гэдэг ойлголттой байдаг. Хүмүүстэй уулзахаар асар их мөнгө орж ирдэг учраас албан тушаалд нь өрсөлддөг юм биш биз гэж асуудаг. Үүнд хариуцлагатайгаар хариулъя. Олон улсын хөлбөмбөгийн холбоо хийгээд Азийн хөлбөмбөгийн холбоод дэлхийн номер нэг энэхүү спортод өөрсдийн санхүүжилтыг өгчихөөд, эргээд зохицуулалтыг нь хянахгүй байна гэж байхгүй. Аудит нь өгсөн санхүүжилтээ ямар зүйлд хэрхэн зөв зохистой зарцуулсан болохыг жил бүр шалгадаг. Мөн Монголын Хөлбөмбөгийн холбоо дотоод аудитаар хянадаг. 2015 оноос хойш би энэ холбоонд зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Энэ бүхэн ташаа ойлголт гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Бид жил бүр зохиогддог их хурлаараа тухайн жилийнхээ төсвийг баталдаг. Гаднаас орж ирж буй санхүүжилт болон зохион байгуулж буй арга хэмжээндээ хангалттай хүрдэггүй. Нэмэлт санхүүжилт буюу маркетингийн орлогоор 1-3 тэрбум төгрөг босгож байж үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэхээр төсвөө баталдаг. Гэтэл олон нийт ямар ойлголттой байдаг вэ гэвэл маш их мөнгө байдаг, тэр нь зардлаасаа илүү гардаг гэж боддог. Бид маркетингийн орлогоороо нэмэлт орлого олж байж үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ гэдэг бодлоготойгоор л төсвөө баталдаг.
-Жилд ойролцоогоор хэр хэмжээний төсөв батлагддаг вэ?
-Энэ бүхэн нээлттэй. Дээр дурдсан хэвлэлийн бага хурал дээр ч гэсэн ярьсан. Энэ жилийн хувьд нэгдүгээр сараас эхлэн бид вебсайтаа шинэчлэн улирал бүрээр санхүүгийн үйл ажиллагаагаа нээлттэй тавих болно. Хэвлэлийн бага хурлын үеэр ч мөн ярьж байсан. Бид жилдээ 10-11 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардал гаргаж байна. Энэхүү зардалд тэмцээн зохион байгуулах зардал болон шагналын сан нэлээдгүй хувийг эзэлдэг. Гишүүн, холбоодын дэмжлэг буюу 21 аймгийн дэмжлэг, клуб лицензжүүлэлтийн шаардлага хангасан клубүүдэд дэмжлэг гэж бий. Үйл ажиллагааны аппаратын зардал, татвар, нийгмийн даатгал, бусад татвар зэрэг бүхий л үйл ажиллагаандаа зарцуулдаг. Мөн тогтмол үйл ажиллагаануудын зардал нэмэгдэнэ. 11 тэрбум орчим төгрөгийн төсөвтэй байлаа гэхэд бидний орлого 8-9 тэрбум байдаг. Үүн дээрээ нэмэлт санхүүжилт олохын тулд бид мөн ажилладаг гэсэн үг. Ерөнхийдөө орлогоосоо зарлага нь их байдаг. Хүмүүс үүнийг эсрэгээр нь боддог. Гэтэл бид гадны хоёр холбооны санхүүжилтээр дэлхийн шилдэг улс орнуудтай өрсөлдөх хэмжээний үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болдог шүү дээ. Жишээ нь, Хятад улс гэхэд төр засаг нь хөлбөмбөгийн спортдоо асар их мөнгө зарцуулж байна. Хятад улс даяар 60 мянга гаруй талбай бий. Өвөрмонголд 5000 талбай байна. Энэ бол хэдэн жилийн өмнөх тоо шүү дээ. Одоо нэмэгдсэн байх. Саяхан болсон олон улсын форум дээр Вьетнамын илтгэгч төр нь өөрөө академиудаа санхүүжүүлдэг тухай ярьж байсан. Нийтийн хөлбөмбөгөөс төрөн гарсан авьяастнуудаа тогтмол бэлтгэн олон улсад явуулдаг гэж ярьж байлаа. Энэ бүх ажлыг төр нь дэмжиж хамтран хийж байна. Катар, Саудын Араб зэрэг том эдийн засагтай орнууд мөнгөө хөлбөмбөгийн спорт руу зарцуулж байна. Тэгээд дэлхийн аварга, Азийн аварга зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж эх орноо сурталчилж байна. Ийм хэмжээний улсуудтай бид өрсөлдөх гэж байна шүү дээ. Энэ үүргээ биелүүлэхийн тулд шалтаг, шалтгаан ярих биш, харин яаж энэ бүхнийг хамгийн бага зардлаар зохицуулах вэ гэдгийг анхаарч ажиллаж байна.
-Энэ тал дээр төрийн дэмжлэг манай улсад хэр байна вэ. Мөн хөлбөмбөгийн талбайн хүрэлцээ хэр байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд таван зорилт тавин ажиллаж байгаа. Эдгээр зорилтын нэг нь стандарт талбайг 21 аймаг, есөн дүүрэгт байгуулъя гэх зорилт. Одоогийн байдлаар долоон аймаг стандарт талбайтай байна. есөн дүүргүүдээс Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх зэрэг дүүргүүд талбайтай байна. Өнгөрсөн жилүүдэд холбооноос сургуулийн хөлбөмбөгийн талбайг шинэчлэн сайжруулах ажлыг Азийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр хийсэн.
“Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд анх удаа Монголын хөлбөмбөгийн холбоо төрийн дэмжлэгтэйгээр “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү тэмцээнийг Биеийн тамир, спортын улсын хороо дэмжиж санхүүжилт гарган хөлмбөмбөгийн спортод анх удаа төрийн дэмжлэг орсон тэмдэглүүштэй, талархууштай үйл явдал болж байгаа бөгөөд хөлбөмбөг сонирхогчдын өмнөөс БТСУХ, Боловсролын Ерөнхий газарт талархаж байгаагаа илэрхийлье. Боловсролын Ерөнхий газраас нийт 840 сургуульд биеийн тамирын багш бүрд МХБХ-ны дасгалжуулагч багшийн сургалтыг явуулж дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Энэ нь түүхэндээ анх удаа төрийн дэмжлэг багийн спортод буюу хөлбөмбөгийн спортод, нийт хүүхэд багачуудад “Нийтийн хөлбөмбөг” төслөөр хүрч байгаа. Эдгээр төсөл маань дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Цаашлаад хөлбөмбөгийн соёл болон үргэлжилнэ гэж бодож байна.
-Монголын Хөлбөмбөгийн Дээд лигийн тэмцээний тухай болон мэргэжлийн хөлбөмбөгийн хөгжлийн тухай тодруулахгүй юу?
-Дараагийн шат мэргэжлийн хөлбөмбөгийн хөгжил. Дээр ярьсанчлан зохион байгуулж буй тэмцээнүүдээсээ авьяаслаг хөлбөмбөгчдөө шалгаруулан элит академиудаараа хөгжүүлэн мэргэжлийн тамирчид бий болгож хөгжүүлнэ. Тэр дундаа лигийн хөгжлийг бид ярих ёстой. Лигийн хөгжлийг шинэ шатанд оруулахаар бид зорьж байна. Сүүлийн хоёр жил холбооны зөвлөлийн хурлаар Монголын Хөлбөмбөгийн холбооны дээд лигийн менежментийг мэргэжлийн байгууллагатай хамтран дээд лигийг үзэгчидтэй болгох, клубээ дэмжих, олон нийтэд сурталчлах үйл ажиллагааг бий болгох зорилгоор Европын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр төсөл боловсруулан ажиллаж байна. Хоёр жилийн хугацаанд шатлалтайгаар лигээ мэргэжлийн байгууллага болгон тусад нь хөгжүүлэх энэ үйл явцыг хийж байна.
-Монголын Хөлбөмбөгийн холбоо, дээд лигийг үйл ажиллагаа явуулахад нь саад учруулж байна гэх яриа цахим ертөнцөд гарч байна?
-Харин Хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлж, шатлалтайгаар дээд лигийн менежментийг мэргэжлийн байгууллагад нь шилжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнийг санаачлан хэрэгжүүлж байгаа МХБХ нь хийж буй ажлаа гацаана гэж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Спортын корпорацитай гэрээгээ цуцалсан гэдэг зүйл мөн цахим орчинд яваад байгаа. Энэ нь иргэдэд буруу ойлголт төрүүлж байна. Спортын корпораци болон Лигийн зөвлөлтэй миний бие Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болоод санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд цаашид хамтран ажиллах гэрээ байгуулах ёстой. Гэрээ маань харилцан ашигтай, холбооны дүрэм журамд нийцсэн байх ёстой гэдэг шаардлагыг бид бүхний зүгээс тавьсан. Энэ оны хоёрдугаар сараас эхлэн Спортын корпораци болон Лигийн зөвлөлтэй гэрээ байгуулах үйл явц явсан. Цаашид лигийн хөгжлийг амжилттай явуулна гэдэг мэдэгдэл мөн гаргасан. Энэ үед Спортын корпораци уг үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Ерөнхийдөө мэдэгдлийн агуулга нь засаглал нь тогтоогүй, дөнгөж эхэлж буй байгууллагатай хамтран ажиллах боломжгүй боллоо гэсэн утгатай байсан. Гэтэл үүнээс хойш Монголын Хөлбөмбөгийн холбоо энэ ажлыг гацааж байна гэх мэдээлэл гарч эхэлсэн. Мөн байгуулаагүй гэрээг гэрээгээ цуцаллаа гэсэн буруу ташаа мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Дахин хэлэхэд МХБХ өөрийн эхлүүлсэн ажлаа гацаах ямар нэгэн шаардлага байхгүй бөгөөд харилцан ашигтай гэрээг байгуулахад хугацаа, олон улсын туршлага гэх зэрэг зүйлүүд шаардлагатай байгааг хэлмээр байна.
Би 20 жилийн турш хөлбөмбөгийн спортын зовлон жаргалыг мэдэрсэн хүний хувьд үүнийг гацаах бус хамгийн түрүүнд энэ ажлыг хийхийг хүсэж байна. Үүнийг гацаах ямар нэгэн шалтаг, шалтгаан байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Хоёрдугаарт, нэн яаралтай Лигийн зөвлөлтэй бид бүхэн дахин ажлын хэсэг байгуулсан. Энэхүү гэрээн дээр манай хуулийн ажилтнууд ажиллаж байна. Ирэх улирал дуусахад бид лигийн дараагийн шатны гүйцэтгэгч байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулаад лигийн менежментийг тусад нь гаргана гэдгээ мэдэгдмээр байна. Мөн дээд лигийн бүх үйл ажиллагааг Монголын Хөлбөмбөгийн холбоо одоог хүртэл санхүүжүүлж байгаа. Стадион, тэмцээн зохион байгуулах зардал, шууд дамжуулалтын зардал, шагналын сан, шүүгчийн зардал гэх мэт бүгд багтана. Өнгөрсөн жил бид шагналыг санг анх удаа нэг тэрбум төгрөг болгосон. Клубүүдийн эзэд, дэмжигчид маань нийгмийн хариуцлагын хүрээнд хөлбөмбөгийн спортыг дэмжиж, тэдний сэтгэл дээр клубын үйл ажиллагаа явж байгааг бид бүхэн мэднэ. Тиймээс бид үүнийг бизнес агуулгаар нь хөгжүүлэн, зардлаа нөхдөг болгох зорилт тавьж байна. Энэхүү зорилгыг нэн даруй, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлнэ. Хөлбөмбөгийн тамирчид, дэмжигчид, сонирхогчдодоо үүнийг мөн хариуцлагатайгаар хэлье. Үүнийг цахим орчинд харлуулах бус хамтарч ажиллах, бие биедээ дэмжлэг үзүүлэх, хөлбөмбөгийн соёлыг дэлгэрүүлэхийн тулд хөлбөмбөгөө эерэг харагдуулах зэрэгт анхаарлаа хандуулахыг уриалъя.
-Ойрын хугацаанд Монголын Хөлбөмбөгийн холбооноос ямар ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
-Бид бүхэн хөгжлийн тогтолцоог бий болгох зорилтоо амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Хөгжлийн гурвалжингийн оройд нас насны шигшээ багийн хөгжил, Үндэсний шигшээ багийн амжилт байх ёстой. Үндэсний шигшээ баг маань мэргэжлийн олон чадварлаг тамирчидтай болж, тун удахгүй тивдээ төдийгүй олон улсад өрсөлдөхүйц тоглолтыг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Олон жил ярьж байгаа үлгэр дээ