Археологичид Синайн цөлд эртний Египетийн фараонууд болон армийн амардаг байсан газар олжээ.
3500 жилийн настай тоосгон ордон эртний Египетийн цэргүүдийг байрлуулах, мөн III Тутмос хааны үед (МЭӨ 1479–1425 он) хаадын амрахад зориулж барьсан гэж үзэж байна. Ордны ханан дээрх бичээст түүний нэрийг дурджээ. III Тутмос фараоныг түүхэн дэх хамгийн агуу цэргийн жанждын нэг гэж үздэг. Тухайн үед эртний Египетийн хаад эзэнт гүрнээ тэлэх зорилгоор Газрын дундад тэнгисийн бүс нутагт байлдан дагуулалт хийдэг байжээ. Харин Синайн цөл нь тэдний байрладаг газруудын нэг байсан аж. Эрдэмтдийн нээсэн ордон нь арми болон фараонуудын амралт, нөөц хангамжаа сэлбэхэд ашиглаж байсан байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.
Ордон хоёр том танхим, хэд хэдэн залгаа тасалгаатай гэнэ. Хойд зүг рүү харсан гол хаалга нь шохойн чулуун багана бүхий эхний танхим руу хөтөлдөг байна. Хоёр дахь танхим нь талбайгаар арай бага ба зүүн болон баруун талын хаалгаар ордог байжээ.
Сэтгэгдэл ( 0 )