Хеопсын пирамидын сүүдэрт сүндэрлэсэн Египетийн их музей үүд хаалгаа нээжээ. Нийт 500 мянган кв метр талбай бүхий музейд 70-100 мянган үзмэрийг дэлгэжээ. Залуу фараон Тутанхамоны бунхнаас илрүүлсэн эд өлгийн зүйлс анх удаа олны хүртээл болоод байна. 2002 онд зарлагдаж, 2012 онд нээхээр төлөвлөж байсан Египетийн их музейн нээлт олон шалтгааны улмаас хойшлогдсон билээ. Нийт 1.2 тэрбум ам.долларын өртөг бүхий эл мега төслийн санхүүжилтийн ихэнх хэсгийг Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн зээлээр санхүүжүүлсэн байна.
Тутанхамон фараон эргэн ирлээ

Хаадын хөндийд мартагдаад байсан бунхныг 1922 онд Британийн Египет судлаач Ховард Картер анх нээснээс хойш залуу Тутанхамон хаан хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсээр байна. Египетийн их музей нээгдсэнээр Тут хааны алтан баг, сэнтий болон 5000 гаруй эрдэнэсийн эд зүйлсийг анх удаа бүрэн хэмжээгээр нь танилцуулж байна. Үүнээс гадна 3200 жилийн настай II Рамсес хааны аварга баримал зочдыг гол танхимд угтан зогсоно. Эл гайхалтай бүтээл 51 жилийн турш Каир хотын төмөр замын буудлын өмнө байрлаж байгаад ийн их музейд заларчээ.
Археологич Заха Хавассын ярьснаар, Хаадын хөндийд нийт 64 хааны бунхан илрээд байна. Эдгээрээс нэгийг ч Египетийн судлаачид малтаагүй. Тут хаан зэрэг томоохон нээлтүүдийг гаднын судлаачид нээж байна. Харин 2002 оноос хойш Египетийн археологич, судлаачид томоохон малтлагын төслүүдийг удирддаг болжээ.

Египетийн их музейн цогцолбор нь үзмэрүүдийг толилуулах танхимуудаас гадна тус бүс нутаг дахь хамгийн орчин үеийн лабораторийн нэг болж байна. Энд орон нутгийн болон гаднын судлаачид эртний Египетийн гайхамшигт өв, эд өлгийн зүйлсийг судлах, сэргээн босгох, нээх боломжтой юм. Луксор, Хаадын хөндий, Саккарад малтлагын ажлууд явсаар байна. Одоогийн байдлаар эртний Египетийн үед хамаарах хөшөө дурсгалуудын дөнгөж 30 хувийг нээжээ. Үлдсэн 70 хувь нь элсэн дор өөрийн цагаа хүлээн нуугдсан хэвээр. Египетийн археологийн шинэ эрин үе дөнгөж эхэлж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Үзнээ. Сайхан музье бна. Адер гээд египт найзтай байлаа.